Энэтхэгийн сөнөөгч онгоцны эмэгтэй нисэгч хилийн чанадад хийх сургуулилалтад анх удаа оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /ANI/. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны эмэгтэй нисэгч хилийн чанадад хийх сургуулилалтад анх удаа оролцохоор болжээ.
“ANI” агентлагийн мэдээлснээр, нисэх хүчний салбар ангийн дарга Авани Чатурведи энэ сарын 12-26-ны хооронд Японд хийх “Veer Guardian 2023” агаарын цэргийн хамтарсан сургуулилалтад улсынхаа нисэгчдийн бүрэлдэхүүнд орох ажээ.
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний эмэгтэй офицерууд өмнө нь улс оронд нь ирсэн гадаадын бие бүрэлдэхүүнтэй хамтарсан сургуульд оролцож байсан боловч хилийн чанадад зохион байгуулсан сургуулилалтад оролцож байгаагүй ажээ. Чатурведи бол Жодпур агаарын баазын Су-30 MKI сөнөөгч онгоцны нисгэгч юм. Тэрбээр улсынхаа сөнөөгч онгоцны анхны гурван эмэгтэй нисэгчийн нэг юм.
Дээрх сургуулилалтад Энэтхэгийн талаас Су-30МКИ загварын дөрвөн нисэх онгоц, цэргийн тээврийн хоёр Си-17 "Глоубмастер-3" нисэх онгоц, түлш цэнэглэгч Ил-78 нисэх онгоц оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас бямба гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Энэ мэдээллээр Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2” загварын дөрвөн сөнөөгч онгоц, “F-15” загварын дөрвөн сөнөөгч онгоц хоёр улсын хамтарсан сургуулилалтад оролцох аж.
“Энэхүү сургуулилалт нь хоёр орны стратегийн харилцаа, батлан хамгаалахын салбарын нягт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бас нэгэн алхам болно" гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.