Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЭрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрбээр “Эрүүгийн хуулийг УИХ 2015 оны 12 дугаар сарын 03-нд, Зөрчлийн хуулийг мөн сарын 04-ний өдөр баталсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл хэрэгжих хугацаанаас нь есөн сарын өмнө баталсан. Гэвч УИХ-д Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна. УИХ-д өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “...хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал...” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна” гэлээ.
Түүнчлэн хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь УИХ хэлэлцэх нь зохисгүй бөгөөд цаашид буруу жишиг тогтож магадгүй гэж болгоомжилж байгаагаа хэлэв. Тиймээс тэрбээр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй, энэ талаарх санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ