Хөгжлийн банк энэ онд 994.7 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-27 15:42:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлага өнөөдөр сэтгүүлч нарт энэ оны үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж мэдээллээ. 


Энэ оны эхэнд тус банк нийт 67 зээлдэгчтэй, 3.2 их наяд төгрөгийн зээлийн багцтай байв. Үүнээс 44.7 хувь нь хэвийн болон анхаарал хандуулах 37 зээлдэгчтэй, 55.3 хувь нь чанаргүй зээл гэдгээр Монголбанкны акт тогтоогоод байжээ.


Дурдсан 44.7 хувийн зээл нь хэвийн болон анхаарал хандуулах гэсэн ангилалд байсан хэдий ч бодит байдал дээр хугацаа өнгөрөх тусам улаан шугам руу хэлтийхээр өндөр эрсдэлтэй зээлүүд байжээ. Мөн банкны үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9 хувиас дээш байх ёстойгоос тус банк өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлтээр 1.3 хувьтай, чанаргүй зээлийн харьцаа 12 хувиас доош байхаас 55.3 хувьтай байжээ.


Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 994.7 тэрбум төгрөгт хүрчээ.


Тэгвэл өнөөдрийн байдлаар тус банк 2.2 их наяд төгрөгийн зээлтэй, 53 зээлдэгчтэй, өнгөрсөн хугацаанд 994.7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Үүнээс:

  • 724.4 тэрбум төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр,
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар,
  • Өр барагдуулах үл хөдлөх хөрөнгөөр 89.7 тэрбум төгрөгийг барагдуулаад байна.  



Тус банкны зээлийн багцын бүтцийн өөрчлөлтийг өнөөдрийн байдлаар авч үзвэл нийт 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд төгрөг нь чанаргүй байсан бол өнөөдөр 2.2 их наяд төгрөгийн зээлийн 1.2 их наяд төгрөг нь чанаргүй байдалтай байна. Энэ нь анх Монголбанкнаас тогтоосон акт дээр суурилан авч үзэхэд ийм байдалтай байгааг гүйцэтгэх захирал Н.Мандуул тайлбарлаж, цаашид энэ суурь үзүүлэлт дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явахаа мэдэгдлээ.


Одоогийн байдлаар тус банкны 1.6 их наяд төгрөгийн 37 зээлийн асуудал хуулийн байгууллага, шүүхийн үйл ажиллагаа дээр байна. Үүнээс 33 зээл нь Хөгжлийн банкны нэхэмжлэлтэйгээр иргэний шүүх дээр байна.


Энэ онд 412.5 тэрбум төгрөгийн 10 зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 232 тэрбум төгрөгийн 4 зээл хаагджээ. Нэг наяд төгрөгийн 17 зээлийн асуудал шүүхийн шатанд хэлэлцээд явж буйг мэдээллээ. Одоо 245.1 тэрбум төгрөгийн нийт 5 зээлийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв. 


Бондын төлөлт: Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны I улирлаас эхлэн Монголбанк дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болжээ


Бондын төлөлт дээр иенийн ханш сулраад байсан нөхцөл байдлыг харгалзан судалж, удирдлагын менежмент хийн 30 тэрбум иен худалдан авснаа Монголбанк дахь Хөгжлийн банкны дансанд байршуулаад буйг мэдээллээ. 

相关新闻