АНУ-д цасан шуурганы улмаас 1 сая орчим хэрэглэгч цахилгаангүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /CNN/. Их хэмжээний цас орж, огцом хүйтэрсний улмаас хойд Мэн муж улсаас эхлээд өмнөд Техас муж улс хүртэл АНУ-ын томоохон газар нутагт цахилгаан тасарчээ.
АНУ даяар нийтдээ 1.4 сая орчим хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд Умард Каролина, Мэн, Нью-Йорк болон Виржиния муж улсын оршин суугчид хамгийн их өртжээ. Түүнчлэн хөрш Канад улсын Квебек мужид эрчим хүчний томоохон тасалдал гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Цаг агаарын таагүй байдлын улмаас мөн олон сая америкчууд зул сарын баярын аяллаасаа татгалзахаас аргагүйд хүрчээ. Баасан гаргийн орой нийтдээ 11 мянга гаруй нислэг цуцлагдсан байна.
Цагдаа нарын мэдээлснээр, энэ долоо хоногт Кентукки, Канзас, Охайо, Оклахома муж улсуудад цасан шуурганы улмаас найман хүн автомашины ослоор нас баржээ. Хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин эрс хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн удирдлагууд анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
Жолооч нарт тээврийн хэрэгслээ замаас гаргахыг үүрэг болгожээ. Замд гацсан хүмүүст цэргүүд дулаан хөнжил хүргэж өгч байна.
Энэ долоо хоногт АНУ-ын нэлээд хэсэгт хүчтэй цасан шуурга шуурч, огцом хүйтэрсэн байна. Олон муж улсад цаг агаарын хамгийн бага хэм рүү ойртож хүйтэрсэн бол Вайоминг муж улсад 41 хэм хүрч хүйтэрчээ.