Белемд байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүд жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-11-16 13:52:09

БЕЛЕМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /DW/. Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын COP30 бага хурал үргэлжилж буй энэ үед Бразилын Белем хотод бямба гарагт олон мянган хүн жагсжээ. Зохион байгуулагчид уг арга хэмжээг “Агуу ард түмний жагсаал” хэмээн нэрлэсэн байна.


Энэ долоо хоногийн эхээр уур амьсгалын асуудлаарх бага хурлыг тасалдуулсан уугуул иргэдийн тэргүүлсэн хоёр эсэргүүцлийн жагсаал болсны дараа олныг хамарсан энэ жагсаал болжээ. Бямба гарагт жагсагчид хотоор 4.5 км зайд алхсан байна.


Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт уугуул иргэд уриа лоозон, туг барин нэгджээ. НҮБ-ын жил тутам зохион байгуулдаг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр болсон хамгийн сүүлийн эсэргүүцлийн жагсаал дөрвөн жилийн өмнө Глазго хотод болсон COP26-гийн үеэр болсон юм.


Түүний дараах гурван жилд болсон бага хурлууд нь Египет, АНЭУ, Азербайжан улсуудад болсон бөгөөд эдгээр улсын засгийн газрууд хурлын үеэр жагсаал цуглаан хийхэд нааштай хандаагүй байна. Белем хотод болж буй COP30 ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд байгаль орчны идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлт болон түүний сөрөг нөлөөтэй холбоотой асуудлууд, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн талаар тодорхой ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна.


Эсэргүүцлийн үеэр жагсагчид дэлхийн дулааралд буруутай хэмээн үзэж буй корпорациуд болон засгийн газруудаас уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй бага нөлөө үзүүлдэг ядуу буурай, гадуурхагдсан бүлгийн хүмүүст учирсан хохиролд нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Зарим жагсагч уур амьсгалын өөрчлөлтөд голчлон нөлөөлж буй олборлодог түлшний хэрэглээг зогсоохыг бэлгэдэх зорилгоор хар хувцас өмссөн байна.


Идэвхтнүүд мөн байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцэх явцдаа амь эрсэдсэн байгаль хамгаалагчдын дурсгалын хүндэтгэн улаан цамц өмссөн байв. Түүнчлэн жагсагчид ой модыг устгах, арилжааны зорилгоор газар тариалан эрхлэх зэргээс үүдэн аюулд орж буй Амазоны ширэнгэн ойг хамгаалахыг уриалж, “Амазоныг хамгаалъя” гэсэн бичигтэй уриа лоозон болон Бразилын далбааг барьсан байжээ. 

相关新闻