Зөвлөлдөх санал асуулгыг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-20 20:10:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. 


Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр Төрийн ордны “Их Монгол” танхимд ирэх оны хоёрдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулахаар тусгажээ. Үүний зэрэгцээ Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг энэ сарын 23-30-ны өдрийг хүртэл хэмээн товлож, "Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-нд Төрийн ордонд зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академид даалгахаар заасан байна. Түүнчлэн “Улс төр, эдийн засаг, эрх зүйн  шийдэл-Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулга уулзалт”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт,  Зөвлөлдөх зөвлөл байгуулах, санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө батлах, зохион байгуулалт хангахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газарт тус тус үүрэг болгосон аж.



相关新闻