Дэлхийн банктай хамтран хуурай боомт, логистикийн төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-15 16:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр манай улсад “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ.


Энэ нь Монгол Улсын зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран эхлүүлж буй томоохон төсөл юм гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт  Дэлхийн банкны БНХАУ болон Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Мара Варвик, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзах үеэр хэллээ.


Тэрбээр, Дэлхийн банкнаас боловсруулсан ТЭЗҮ-ээр мах, махан бүтээгдэхүүний тээврийн урсгал, малын тоо, толгой, газарзүй байршил зэргээс хамааруулан Өвөрхангай аймагт бүс нутгийн логистикийн жишиг төвийг байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Дэлхийн банк болон Сангийн яам, ЭЗХЯ, ЗТХЯ хооронд төслийн хэлэлцээрийг эцэслэн тохирсон. ЭЗХЯ болон Сангийн яамнаас энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд төслийн бэлтгэлийг дэмжиж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй холбоотой үйл ажиллагааны зардал, холбогдох санхүүжилт одоогоор тодорхой биш байгаа тул УИХ-аас шийдвэр гарсны дараа Төсөл хэрэгжүүлэх нэгжийг албан ёсоор байгуулах нь зүйтэй гэдийг хэллээ.  


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улс шилжилтийн үеийн хүндрэлийг хурдан хугацаанд даван туулах, уналтад ороод байсан дэд бүтцийн салбарыг сэргээн сайжруулахад Дэлхийн банк с тусламж дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийг тээврийн салбарт хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засаг хуурай боомтыг хөгжүүлэхэд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн банкны техник туслалцаагаар “Хувийн хэвшлийн оролцоогоор дамжуулан олон улсын худалдаа, логистикийг бэхжүүлэх, Замын-Үүд дэх Хуурай боомтын ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа”-ны төслийг 2022 оны 10 дугаар сараас эхлүүлснийг онцоллоо.


Монгол Улс 2013 онд НҮБ-ын Хуурай боомтын хэлэлцээрт гарын үсэг зурж Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд болон Замын-Үүдийг хуурай боомт, харин Чойбалсанг хуурай боомт болох боломжтой байршил хэмээн хэлэлцээрт тусгасан. Энэхүү төслийн хүрээнд:

  • хуурай боомт байгуулах байршлыг тогтоох,
  • бүс нутгийн болон олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх, логистикийг сайжруулах,
  • хувийн хэвшлийн оролцоог хөнгөвчлөх,
  • хөрөнгө оруулалтыг татах, уялдаа зохицуулалтыг дэмжсэн бүтэц, зохион байгуулалтыг бий болгох,
  • Хуурай боомт байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг ажил хийхээр байна.

Цаашид Замын-Үүдэд хуурай боомт байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн АН4 чиглэлийн баруун босоо чиглэлийн тээврийн коридороо ашиглалтад оруулсныг дурдаа. Үүний дагуу Ховд аймагт хуурай боомт байгуулах талаар судлан үзэхийг мөн хүсэв.


Тэрбээр зүүн босоо чиглэлд төмөр замаар тэнхлэгийн коридороо холбох ажлыг эхлүүлж байгааг тэмдэглэлээ. Тус төмөр замыг түшиглэсэн Дорнод аймгийн Чойбалсан хотыг хуурай боомт болгох нь зүйтэй байна. Ганцхан Замын-Үүдээр экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх биш олон гарцтай болгох шаардлагатай. Тээвэр, логистикийн олон гарцтай болсноор бараа бүтээгдэхүүний үнийг ч тогтвортой байлгах боломжтой гэсэн байр сууриа ЗТХ-ийн сайд илэрхийллээ.


Дэлхийн банкны төлөөлөл, цаашид Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд логистикийн төвийн төсөл, техник туслалцааны хүрээнд дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэв. Логистикгүйгээр зам, тээвэр хөгжих боломжгүй. Монгол Улсын Засгийн газар болон ЗТХЯ логистикийн хөгжилд анхаарч, харилцан уялдаатайгаар хэрэгжүүлж байгаа нь зөв шийдвэр юм.


Хуурай боомт байгуулах техникийн туслалцааны хүрээнд шалгуур үзүүлэлтийг үнэлж тогтох хэрэгтэй. Тус төслийг УИХ-аар соёрхон баталсны дараа зарим бүрэлдэхүүн хэсгийг эрэмбэлэх боломжтой. Дэлхийн банк цаашид шаардлагатай бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ. 

相关新闻