Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг яаралтай шийдэхийг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-15 14:07:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам яаралтай шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгалаа.


Тэрбээр орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэхдээ, “Иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгох асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргаад, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд хууль зөрчин, ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрмийг өөрчилж, 174 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, мөн энэ мөнгийг буцаан төвлөрүүлэх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монголбанкаас 1 хувийн хүүтэй гарсан мөнгийг иргэдэд 12 хүртэл хувийн хүүтэй олгож байсныг 8 хувь, сүүлд 6 хувь болгосон. Эргэн төлөлтөөс орж ирэх мөнгө нь зээлийн хүртээмж нэмэх, хүүг багасгах, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах ёстой атал 400 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулжээ. Тодруулбал, 80 гаруй ажилтны үйл ажиллагааны зардал, цалин, удирдлагын урамшуулалд 180 тэрбум, мөн зарим арилжааны банкад хууль бусаар 170 тэрбум төгрөг гаргаж өгчихөөд иргэдийн санхүүгийн дарамтыг багасгах гэхээр болохгүй гээд байгааг ажлын хэсэг шалган дүгнэлт гаргасан”-ыг тайлбарлав.


Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд 65 мянга орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ. Ажлын хэсгийн дүгнэлтээд тэдгээр иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх, шинээр зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэж дүгнэсэн. Учир нь 8 хувийн хүүг 6 хувь болгосноор 330 тэрбум төгрөгийн зөрүү үүснэ. Дээрх хууль бусаар зарцуулсан 170 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлбэл зээлийн хүүг шилжүүлэх боломжтой гэжээ.


Одоогоор 8 хувийн хүүтэй зээлд 64400 иргэн, 5 хувийн хүүтэй зээлд 4400 иргэн, 6 хувийн хүүтэй зээлд 16440 айл хамрагджээ. Харин 20 мянга гаруй иргэн зээлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа аж.


Ипотекий зээлд хөндлөнгийн хяналт байхгүйгээс орлого, зарцуулалт хяналтгүйгээс зориулалт бусаар ашиглан, иргэд хүү төлсөөр байна. Иргэдээс авч буй 8 хувийн хүүгээс 2.9 хувийг нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, эрсдэлд зарцуулж байгаа. Зориулалт бусаар зарцуулсан мөнгийг буцааж төвлөрүүлэх шаардлагатай”-г Шадар сайд онцолсон юм.  

相关新闻