УИХ-ын анхдагч гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны УИХ-ын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, Тамгын газраас өнөөдөр 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1992-1996 оны УИХ нь Монгол орон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн суурь хуулиуд болон бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, эх орондоо олон улсын жишигт нийцсэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавьяатай юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, парламентын засаглалыг шинээр төлөвшүүлэх, ардчилсан парламентат ёсны дэг соёлыг бүтээх зэрэг олон чухал үйл хэргийн анхдагч байж, Монгол төрийн шинэ түүхийг бүтээсэн 1992-1996 оны УИХ-ын гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүслээ. Энэхүү арга хэмжээнд 1992-1996 оны УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 34 хүн хүрэлцэн ирсэн бол 30 гишүүний ар гэрийнхэн оролцлоо.
УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав Анхны парламент нь шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн уналтыг зогсоож хөгжлийн суурийг тавих, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж, түүндээ хүрч чадсан гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил тогтвортой ажилласан туйлын чадварлаг хамт олон байсан гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний үеэр УИХ-ын дарга асан Р.Гончигдорж мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Парламентат ёсны төлөвшлийг эхлүүлсэн түүх бол өөрөө томоохон судлагдахуун. Үүний гол хэрэглэгчид нь дараа дараагийн парламентын гишүүд байх учиртай. Түүнчлэн УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сахин биелүүлэхийг манлайлан гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг батлахдаа Үндсэн хуульдаа нийцсэн, түүний үзэл санааг хөгжүүлсэн, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс орныхоо хөгжлийг манлайлсан, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ханган баталгаажуулсан байх учиртай” хэмээлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Ойг тэмдэглэх комиссын гишүүд, Байнгын хороодын дарга нарын төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.