“Голомт банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдэв.
Нөлөө бүхий банкуудаас “Голомт” нь нийтэд санал болгон гаргах хувьцаагаа СЗХ-нд бүртгүүлсэн 2 дахь банк нь болж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох чухал алхам болох юм.
Хуралдаанаар
“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг
бүртгэхээр болжээ. Тус
компани бондоо хэсэгчлэн гаргах замаар 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан
төвлөрүүлнэ. Мөн 2 компанийн гаргаж буй хөрөнгөөр
баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу 2 компанийг үнэт цаасны зах зээлд
оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийджээ.
Мөн үл
хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг 2 компанид, үнэт
металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл
ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 3 иргэнд, 4 хадгаламж зээлийн
хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 1 компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц,
бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
Түүнчлэн 1
компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, 6 компанийн
банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр
шийдвэрлэснийг СЗХ мэдээлэв.