Зам засварын компаниудын 34 хувийг олон нийтэд санал болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчөөс олон нийтийн болж IPO гаргах компаниудын удирдлагуудад зориулсан “Төрийн өмчит компанийн Шинэчлэл-IPO” сургалт зөвлөгөөнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн байранд өнөөдөр зохион байгуулав.
Энд оролцогчдын нэг Өвөрхангай
аймгийн “АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхам-Оролмаагаас санал байр суурийг
сонслоо. Тэрбээр, зам засвар арчлалтын төв болон орон нутгийн компаниуд автотээврийн
хэрэгсэл, иргэдийг автозамаар аюулгүй зорчуулах үүрэг хүлээдэг ашгийн бус үйл
ажиллагаатайг тодотгов. Тиймээс үйл ажиллагааг иргэдийн оролцоотой, олон нийтэд
нээлттэй болгох нь зөв юм. Үйлчилгээний байгууллага гэдгээр үйл ажиллагаа
хэвээр явах юм гэв.
Одоо бол дэд бүтцийн салбар гэдгээр төрөөс санхүүжүүлээд явж байгаа. Зам гэдэг удаан хугацааны ашиглалтаар нь хөрөнгө оруулдаг, ээлжит болон ээлжит бус засваруудыг хийдэг онцлогтой салбар. Зайлшгүй хөрөнгө оруулалт хийж их засваруудыг хийх шаардлагатай байдаг, тэр нь замдаа шингэдэг. Тиймээс ашгийн бус байдаг гэв.
-IPO хийхэд ямар шаардлага, шалгуур үзүүлэлт тавьж байна? АЗЗА
ТӨХК-иудын үйл ажиллагаа ашгийн бусаар үлдэх үү?
-Хөрөнгө оруулагч нар
мэдээж ашиг харах байх. Засвар хийж буй компанийн хувьд ашгийн бус хэлбэрээр л
тухайн замд зарцуулна. Хэрэв ашиг ольё гэж бодвол хувийн, нэмэлт ажил авч байж хийх
байх. Тиймээс бид эхний ээлжинд өгсөн үүрэг чиглэлийн дагуу зам засварын ажлаа чанартай,
сайн хийж гүйцэтгэх ёстой.
Тэрний дараа цаг хугацаа
гарч үлдэх юм бол тендерт оролцож, тодорхой хэмжээний үр ашигтай ажил авч хувьцаа
эзэмшигч нарт ашиг гарган ажиллах байх. Шаардлагын хувьд үйл ажиллагааны
тайлангаа гаргах үүрэгтэй. Өнөөдрийн семинараар мөн шалгуур үзүүлэлтийг сонсон
суралцаж байна гэв.
Уулзалт, сургалт семинараар “Төрийн өмчит компанийн өмчлөл болон засаглал, үр өгөөжийг сайжруулж хэрэгжүүлэх” талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас, “Үнэт цаасны бүртгэлд тавих шаардлага”-ын талаар Монголын Хөрөнгийн бирж болон СЗХ-ноос тус илтгэл тавив. Сургалт семинарт аймаг, орон нутгийн АЗЗА компаниудын удирдлага, төлөөлөл оролцож байна.
Тодруулга: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн өмчит ААН-үүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах буюу нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүгээр авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж 34 хувийн хувьцааг нь олон нийтэд нээлттэй санал болгохоор шийдвэрлэсэн юм.