ӨВӨРХАНГАЙ: Улсын чанартай авто замын засвар 83 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-26 16:23:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажил 83 хувийн гүйцэтгэлтэй байна. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 56.6 км замд асфальт бетон, 740 метр замд цемент бетон хучилт хийгээд байна.


Мөн 59 хоолойн их засварыг хийж, 8 хоолой шинээр тавьжээ. Одоогоор замын тэмдэг, тэмдэглэгээг тавих, хажуу налуугийн засал, чулуун өрлөгийг хийх, төлбөр хураах цэгийн замыг өргөтгөх ажлыг гүйцэтгэж байна.


Гүүрний засварын ажилд үзлэг хяналт хийхээр улсын МХЕГ болон аймгийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. 

Тус замыг шинэчлэх ажлын хүрээнд 42.4 км-т хуучин асфальт бетон хучилтыг 25 см-ийн гүнд дахин боловсруулж, цементээр бэхжүүлсэн ба харлуулсан буталсан чулуун суурь 8 см, үүний дээр 3 см асфальт бетоноор хучилт хийсэн байна.


6.4 км-т нүхэн завсар, хагарлыг засварлаж, тэгшилгээ хийн асфальт бетоноор 5 см хучих 8 км-т хуучин асфальт бетон хучилтыг дахин боловсруулж, 20 см зузаан цементээр бэхжүүлсэн суурь хийж, үүний дээр 7 см асфальт бетон хучилт хийх,  740 метрт 24 см цементбетон хучилт хийх байдлаар 3 төрлийн хучилтыг хийжээ.

Мөн 67 цэгт хоолойн ажлыг гүйцэтгээд байна.  

 

相关新闻