Эх орны тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд Өвөрхангайнхан үнэтэй хувь нэмэр оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
есдүгээр сарын 7
/МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга
уулзалтыг Арвайхээр суманд энэ амралтын өдөр зохион
байгууллаа.
Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй чуулганд аймгийн Нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын офицер, алба хаагчид зэрэг 600 орчим төлөөлөгч оролцсон юм.
Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба болон Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Өвөрхангай аймгаас төрөн гарсан генералууд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарын хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут чуулганыг нээж үг хэлэхдээ, “Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн хол биш гэдгийг дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтэн та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон дуудсан цагт ямагт бэлэн гэдгээ харуулан хүрэлцэн ирсэнд талархаж байна” гэв.
Тэрчлэн дэслэгч генерал Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг сонордуулж, мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Мөн монгол эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, үүргээ түүчээлэн нэр нөртэй биелүүлэх боломжийг нээж өгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мянган мөрдөстний чуулга уулзалт”, “Монгол эрчүүдийн чуулга уулзалт”, “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан” хэмээн зарим үйл явдлыг тодотгон хэлсэн юм.
Чуулга уулзалтаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны чухал бүрэлдэхүүн болсон орон нутгийн хамгаалалт болон дайчилгааны асуудалд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо өндөр болохыг онцолж, одоо ч цэргийн албаа үргэлжүүлэн хаасаар байгаа гэдгийг санууллаа.
Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд Өвөрхангай аймгийн иргэд хэрхэн үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Бригадын генерал Ц.Гандорж танилцуулсан бөгөөд “1939 оны Халх голын дайнд Өвөрхангай аймгаас 387 хүн оролцсоноос 42 хүн амь үрэгдсэн байна. 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хязгаарын тулгаралтад 1600 гаруй цэргийн албан хаагч оролцсон” гэх мэдээллийг өгсөн юм.
Уулзалтын
үеэр Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал”,
Монгол цэргийн нэгдсэн холбооны “Монгол цэргийн холбоо нийгэмд танигдсан 10
жил” сэдэвт үзэсгэлэнг нээж, ЦДБЭЧ-ын болон аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт толилуулан орон нутагт төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд идэвх
зүтгэлтэй оролцсон зарим иргэнийг шагнаж урамшуулав.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 256-р ангид зочилж, 19 сумаас ирсэн 350 гаруй цэргийн
үүрэгтнүүд ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, Цэргийн тангаргаа давтан ёслолын жагсаалд нэгдлээ.
"Бид эх орны
цэргүүд" чуулга уулзалтыг гурван
сарын өмнө Төв аймагт хийсэн
бол хоёр дахь аймаг нь Өвөрхангай
байв. Цаашид бүх аймагт, боломжтой бол сумдад зохион байгуулна гэдгийг
зохион байгуулагчид ярилаа.