Хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-25 14:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд мэдээллийг ялгаж танин, шүүн тунгаах, эх сурвалжийг нягтлах дадал, төлөвшилтэй болоход хэвлэл, мэдээлэл чухал үүрэгтэй. Иймд хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгаа хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлж байна.


Үүнийг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтэлж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу үзүүлэх, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэй гэж тэрбээр онцолж байна.


Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ жил 10 дугаар сарын 24-31-нд тохиож буйтай холбогдуулан Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум ГХЯ-нд өнөөдөр боллоо.


Эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэ удаагийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоногийг “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриан дор нэгдэн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээ, Хэвлэлийн хүрээлэн, Faro Foundation, e-mongolia зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцон, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна.


ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээ чухал ач холбогдолтойг форумаар онцолж байна. 

相关新闻