О.Есүгэн 7 дугаар байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Египетийн Каир хотноо буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах / ISSF World shooting championships/ 53 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 21 -нд олимпийн наадмын
дасгал болох урт бууны 50 метрийн 3 байдлаас /суугаа, хэвтээ , зогсоо/ буудах
дасгалд Ганхуягийн Нандинзаяа, Оюунбатын Есүгэн нар цэц сорьсон талаар спортын
сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.
Урьдчилсан буудлагад Г.Нандинзаяа 577 оноогоор / 193,
191,193/ энэ дасгалд оролцсон 70
тамирчнаас 51 дүгээр байрт бичигдлээ.
Харин О.Есүгэн 589 оноогоор / 197, 199, 193/ тавдугаар
байр эзэлж, финалд буюу шилдэг наймд шалгарлаа.
Урьдчилсан буудлагад тамирчин бүр байдал тус бүрээс 20
сум /3х20=60/ буудах ёстой бөгөөд авах боломжтой дээд оноо 600 юм. Есүгэн
хэвтээгээс 199 оноо авсан нь байны 10-т 19 удаа, 9-д нэг удаа оносон гэсэн үг.
Ингээд финалд шалгарсан найман буудагч урьдчилсан
буудлагад авсан оноог тооцохгүйгээр дахин байдал тус бүрээс 5 сум буюу 15
сумаар буудна. Гэхдээ цагтай, шүүгчийн удирдлагаар "гал нээнэ".
Финалд О.Есүгэн 301.1 оноо авч, эцсийн дүнгээр 7 дугаар байрт орлоо. Хэрэв 4 дүгээр байрт орсон бол "Парис 2024" олимпын эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүн хүртэх боломж гарах байжээ.