Парист үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-10-17 08:55:30

ПАРИС. /RT/. Ням гарагт Францын нийслэл Парис хотод амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болжээ. 


Уг жагсаалыг Жан-Люк Меланшоны зүүний үзэлт “Ялагдашгүй Франц”, “Европ-Экологи-Ногоонтнууд”, Социалист нам болон үйлдвэрчний хэд хэдэн байгууллага, холбоод зохион байгуулсан байна. 


Жагсаал орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Үндэстний талбайгаас эхэлжээ. 


Жагсагчид үнийн хөөргөдлийг, ялангуяа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг, түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. 


Жан-Люк Меланшоны хэлснээр, Францын нийслэлийн гудамжинд 140 мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дараагийн үе шатуудын нэг нь 10 дугаар сарын 18-нд болох бүх нийтийн ажил хаялт гэж Меланшон мэдэгдсэн байна. 


Жагсаалын үеэр үймээн самуун дэгдээх оролдлого гарч, хар хувцастай маск зүүсэн залуус нэгэн банкны цонхыг хагалснаас гадна, “MacDonald`s” түргэн хоолны сүлжээ халдлагад өртжээ. Цагдаа нар үймээн гаргагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаа нар тайван жагсагчдын дунд хэт зүүний үзэлтнүүд болон "шар хантаазтанууд"-аас бүрдсэн 400 орчим үймээн самуун дэгдээгчид байгааг урьдчилан харсан гэж “Le Figaro” сонин цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 

相关新闻