Иранд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-10 11:14:45

ТЕХРАН. /NHK/. Ираны нийслэл Техран хотод 17 настай охин сэжигтэй байдлаар нас барсан нь хувцаслах хатуу дэг жаягийг эсэргүүцэж буй жагсагчдын уур хилэнг улам ихэсгэжээ.


Өнгөрсөн сард өөр нэгэн бүсгүй цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа амиа алдсан нь тус улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөхөд хүргээд байсан юм.


Ника Шакарами гэх охины цогцос есдүгээр сарын 21-нд нэгэн барилгын хашаанаас олдсон байна. 17 настай түүнийг эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж үзэж байгаа аж.


Прокуроруудын мэдээлснээр, түүний үхэл жагсаал цуглаантай ямар ч холбоогүй бөгөөд хэн нэгэн өндрөөс түлхсэн болохыг нотлох баримт харуулж байгаа гэсэн байна.


Гэвч Н.Шакарамигийн ээж уг хэрэгт аюулаас хамгаалах хүчнийхнийг буруутгаж байна. Ираны хэвлэлд түүний мэдээлснээр, охин нь жагсаалын үеэр сураггүй болсон өдрөө амиа алджээ.


Мөн охинтойгоо утсаар ярих үеэр нь Ника болон найзууд нь аюулаас хамгаалах албаныхнаас зугтаж байгаа юм шиг хашхирах нь сонсогдсон хэмээн ярьсан байна.


Үүнээс үүдэн Н.Шакарамигийн үхэлд аюулаас хамгаалах хүчнийхэн холбоотой байж магадгүй гэх таамаглал нийгмийн сүлжээгээр тархахад хүрчээ.


Есдүгээр сарын дундуур 22 настай бүсгүй хижабаа зохисгүй өмссөн гэх шалтгаанаар цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан нь Ираны түүхэн дэх хамгийн том жагсаалуудын нэгийг өдөөсөн юм. Жагсагчид түүнийг цагдаа нарт зодуулсан гэж үзэж байгаа юм байна. 

相关新闻