“Экспо Монголиа-2022” бүх салбарыг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-07 11:59:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ удаа “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор болох нь.


Монгол Улсад Хөрөнгө оруулалтын урсгалыг татах, гадны шинэ техник, технологи нэвтрүүлж, “Ноу хау”-тай танилцах боломжийг олгодог уг үйл ажиллагаанд Засгийн газар дэмжигчээр оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулах юм. Тодруулбал, бага хурлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Алсын хараа -2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, мэдээлэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


“Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал нь зөвхөн уул уурхай гэсэн нэг салбарыг онцолдоггүй, бүх салбарыг хамруулан оролцуулдгаараа давуу талтайг зохион байгуулагчид хэлж байна. Найм дахь удаагийн үзэсгэлэн, бага хуралд барилга, зам тээвэр, уул уурхай, хүнсний сав, баглаа боодол, халаалтын систем, саарал болон цэвэр усны инженерчлэлийн компани, ААН-үүд түлхүү оролцохоор бүртгүүлээд байна. Тодруулбал, гаднаас Герман, Чех улсаас үзэсгэлэнд  ач холбогдол өгч компаниудаа түлхүү оролцуулахаа мэдэгдээд байна.


"Энэ удаагийн үйл ажиллагаа манай улсад хөрөнгө оруулалтын ургсалыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна" хэмээн зохион байгуулагч “JV Consult LLC” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа онцолж байна. “Экспо Монголиа-2022” энэ сарын 12-нд “Мишээл Экспо”-д нээгдэж гурван өдөр үргэлжилнэ.


相关新闻