Рио-д хүч үзэх Э.Бэхбаяр, П.Өнөрбат нарын учраа тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 57, 74 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар өнөөдөр өрсөлдөх хуваарьтай бөгөөд тэдний барилдааны сугалаа гарчээ.
Тус тэмцээний 57 кг-д 20 бөх өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарсан байна. Үхлийн гэж нэрлэж болох “Б” хэсэгт орсон ОУХМ Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт Кубын бөх, ДАШТ-ий хүрэл медальт Ювлус Бонне Родригес, Узбекийн бөх Аббос Рахмонов хоёрын аль ялсантай тулах юм.
Дараа нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, Японы бөх Рей Хигучи нарын ялсантай барилдана. Энэ хэсэгт Ираны бөх ДАШТ-ний алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, ОХУ-ын бөх, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Европын спортын наадмын аварга Виктор Лебедев, Армяны бөх Ганик Мнацаканян, Энэтхэгийн бөх, армийн дэлхийн болон Азийн аварга Сандееп Томар нар байна.
“А” хэсэгт гүржийн бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний алт, мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Владимир Хинчегашвили, Казахстаны бөх Нурислам Санаев, АНУ-ын бөх Даниель Пауль Деннис, болгарын бөх, ДАШТ-ий болон Европын АШТ-ий мөнгөн медальт Владимир Дубов, Румын улсын бөх, Европын АШТ- ий хүрэл медальт Иван Гуйда, Азербайжаны бөх, ДЗАШТ-ий мөнгөн медальт Миржалал Хасан-Зада, Туркийн бөх, дэлхийн болон Европын залуучуудын аварга Сулейман Атли нар оржээ.
Харин 74 кг-д 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ. “Б” хэсгийг ахласан гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх, Европын спортын наадмын мөнгөн медальт С.Демирташтай таарчээ.
Түүнийг ялбал дараагийн тойрогт Ираны бөх А.М.Гассемитай таарах магадлалтай. Уг хэсэгт Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Н.Панчан Ядав, Францын бөх Зелимхан Хажиев, Кубын бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ливан Лопез Азкуй, Казахстаны бөх Г.Усербаев, Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар байна.
“А” хэсэгт АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл, 3 алтан медальт, Пан-Америкийн аварга Ж.Э. Барроуз, ОХУ-ын бөх, ДАШТ-ий хүрэл медальт, тивийн 3 удаагийн аварга Аниур Гедуев, Азербайжаны бөх, ДАШТ-ий хошой хүрэл, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов, Гүржийн бөх, Европын АШТ-ий хүрэл медальт Жакоб Макарашвили, Молдавын бөх, оюутны дэлхийн аварга Евгений Недялка, Узбекийн бөх, Азийн спортын наадмын болон тивийн аварга Бекзод Абдурахманов нар оржээ.
Д.Өлзий