Монголын тамирчид эх орныхоо дэвжээнд 29 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-02 10:16:07

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг “Улаанбаатар опен” тэмцээн Монголд анх удаа боллоо.


17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон энэхүү тэмцээнээс манай тамирчид эх орныхоо дэвжээнд 29 медаль хүртэж, онцгойров. Тодруулбал, сонгомол бөхийн төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл, чөлөөт бөхийн эмэгтэйчүүд дөрвөн алт, зургаан мөнгө, зургаан хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэмцээнээ дуусгав.


Эмэгтэйчүүдээс 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д Э.Дэлгэрмаа, олон улсын хэмжээний мастер 65 кг-д Т.Энхжин, 55 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдээс 125 кг-д М.Лхагвагэрэл, 61 кг-д Т.Түвшинтулга, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ мялаалаа.


Ташрамд дурдахад, дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо гурван жилийн хугацаанд эх орондоо зохион байгуулах эрхтэй болсон байна. 
















相关新闻