Даваат багт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай өвөлжилтийн бэлтгэл байдал болон бүтээн байгуулалтын асуудлаар ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалт болон бэлтгэл байдлын талаар товч дурдвал?
-Бид юуны өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэ жил Даваат багт орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбум төгрөгийн 280 хүүхдийн багтаамжтай цогцолбор байгуулна. 180 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулна. Үүнээс гадна Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаас дурдвал?
-Энэ жил манай аймагт “Хүүхдийн эмнэлэг” баригдаж байна. Манай БОЭТ-д Булган, Сэлэнгэ аймгийн иргэд ирж үйлчлүүлдэг. Ачаалал ихтэй байдаг. Иймд хүүхдийн эмнэлэг барих зайлшгүй шаардлага гарч байсан. Олон жил яригдсаны эцэст биелэлээ олж байна. Нийт 100 хүүхэд, хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа. Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчин, шаардагдах тоног төхөөрөмж түүнд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн яамны төсөв, санхүүд тусгасан байгаа. Уг эмнэлэг ирэх жил ашиглалтад орно.
-Намрын ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр хийгдэх бэлтгэл байдал бүрэн хангагдсан. Энэ талаар бид олон удаа хуралдаж шаардлагатай бол газар дээр нь очиж танилцаж байна. Хотын өвөлжилтийн байдлыг хангахын тулд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд өвс, хадлан тэжээл, ургацаа хураах техник, тоног төхөөрөмж, шатахуун, хүн, хүчнийхээ асуудлыг 100 хувь шийдсэн. Дашрамд дурдахад, манай аймгийн Эрдэнэт Дулааны цахилгаан станц, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станц өргөтгөл хийж одоо байгаагаасаа даруй 2 дахин хүчин чадлаар ажиллах технологийн шинэчлэл хийж байна.
Б.Оюун-Эрдэнэ