Ази, Номхон далайн банкны салбарын чуулга уулзалт Монголд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны салбар нь дэлхий
нийтийг хамарсан цар тахлын дараагаар үйл ажиллагааны нөхцөл байдал, стратегиа
дахин тодорхойлох шаардлага гарчээ. Мөн шинээр
нэвтэрч буй техник, технологийн шийдлүүдийн өөрчлөлтөд хурдан дасан зохицон
ажиллах хэрэгтэй болсон байна.
Олон улсын банк, санхүүгийн салбарт дижиталчлал, хүний нөөц дутагдаж буй нь тулгамдсан асуудал болоод буйг манай улсад зохион байгуулж буй банкны салбарын олон улсын “АПАБИ-2022” чуулга уулзалтаар хөндлөө.
Чуулга уулзалтыг Ази,
Номхон далайн орнуудын банкны институтуудын холбоо (АПАБИ) зохион байгуулж байна. Хоёр жил тутам болдог уг чуулга уулзалтыг 2020 онд
Филиппин улсад зохион байгуулжээ. Энэ жил 20 дахь удаагаа болж буй бөгөөд Банк,
санхүүгийн академи чуулганыг зохион байгуулагч байгууллагаар сонгогдон ажиллаж
байна.
Чуулга уулзалтаар банкны
салбарт мэдээлэл хадгалах, өгөгдлийг хянах зорилготой блокчейн технологи, гар
утасны хялбар аппликейшнүүд, QR код, биометрийн мэдээлэл, хиймэл оюун ухаан дээр
суурилсан аюулгүй байдлын шийдэл зэрэг техник, технологийн дэвшил хурдацтай
нэвтэрч буйг хэлэлцэж байна. Банкуудад холимог болон зайнаас ажиллах оффисын
шинэ загварууд бий болжээ. Үүнд менежерүүдийн үүрэг, оролцоо бий болж,
өөрчлөгдөж буй шинэчлэлд өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн хэрэгцээ,
шаардлага их байгааг хөндлөө.
Мөн банкны салбарын хэрэглэгчдийн дийлэнх нь шинэ Z үеийнхэн болж буйг онцолж, тэдэнтэй харилцах, ялангуяа нүүр тулсан шинэ харилцаанд шилжин ажиллах шаардлага гарч ирж буйг чуулганд оролцож буй дотоод, гадаадын салбарын мэргэжилтнүүд, санхүүгийн зөвлөх, судлаач нар хэлж, тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлэн санал солилцож байна. Олон улсын банкны салбарын “АПАБИ-2022” чуулга уулзалт 3 өдөр үргэлжилнэ.
Гэрэл зургийг Н.Батбаяр