Ханган нийлүүлэлтийн тасалдал бизнест сөргөөр нөлөөлсөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-20 15:06:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гааль-бизнесийн түншлэлийн ээлжит уулзалтыг Гаалийн ерөнхий газар, ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас “Хариуцлагатай бизнес хөгжлийн гарц” сэдвээр зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалт гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгч нарт гадаад худалдаатай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэж харилцан санал солилцоход оршиж байв.



МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар “Цар тахлын дараах бизнесийн орчин” сэдэвт танилцуулгадаа, өнөөдөр ч зарим байдлаар үргэлжилж буй хил, гаалийн хязгаарлалтаас үүдэлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний ханган нийлүүлэлтийн тасалдал бизнесийн салбарт ихээр нөлөөлж буй учир төр, засгаас тавьж буй хилийн боомтын сэргэлтийг нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.


Бизнесийн төлөөллийн байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас энэ сард бизнес эрхлэгчдийн дунд “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал”-ын судалгааг хийжээ. Дүнгээс харахад оролцогчдын 73 хувь нь ханган нийлүүлэлт тасалдаж, хоцорч байгаа сөрөг нөлөөллийг бууруулахад:

  • хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох,
  • түүхий эдийн экспорт, импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх,
  • гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах нь чухал дэмжлэг болно гэж үзэж буйгаа илэрхийлжээ.



Судалгаанд оролцогчдын 73 хувь нь ханган нийлүүлэлт тасалдаж, хоцорч байгаа бизнес дэх сөрөг нөлөөллийг бууруулахад түүхий эдийн экспорт, импортыг хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх хэрэгтэй байна гэжээ. 


Уулзалтаар ГЕГ-аас гаалийн хорио цээрийн газрын хяналт шалгалт, Монгол Улсын хилээр нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага, гаалийн магадлан шинжилгээ шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын талаар мэдээлж, танилцуулав. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван хил дээр аль болох богино хугацаанд ачаа, барааг хурдан шилжүүлэхийг зорин ажиллаж буйг дуулгалаа.

Тэрбээр, хилийн хяналтын хорио цээр нэмэгдснээр гаалийн байгууллагын тавих хяналт өргөн цар хүрээтэй болсон гэв. Эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлж, сонгон шалгах системийг ашиглаж байгаа. Ингэснээр бид бүх барааг 100 хувь хяналт шалгалтад хамруулдаг байсан бол одоо дүн шинжилгээнд суурилсан хяналтыг хэрэгжүүлснээр тухайлсан барааг шалгаж, ачааллыг 30-40 хувиар бууруулсан. Хилээр нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, барааг гүн рүү оруулснаар урсгал нэмэгдэх юм гэв.

Гаалийн байгууллага бүрдүүлэлтээ цахимжуулсан. Аль болох бүх боломжит үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байгааг бизнес эрхлэгчдэд дуулгая гэлээ. Цар тахлын нөлөөллөөс болоод бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавх буурсантай холбоотойгоор бараагаа түргэн шуурхай авч чадахгүй болдог. Үүнээс үүдэн ачаа бөөгнөрч, түгжрэл үүсэх, цаашлаад гадаад худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Энэ талаар бид бизнес эрхлэгч нартай ойлголцож хамтран ажиллана” гэв.

Уулзалтад ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм эмнэлгийн хяналтын хяналт зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон 80 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.


Оролцогчид үнэ, үнэлгээний ангилал, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн болон эрүүл ахуй, хүнсний чанар, стандартын хяналт, Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаа, тарифын бус хязгаарлалт гэсэн сэдвээр баг болон салбар дундын чиглэлийн мэдээлэл авч, санал солилцлоо. Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааг МҮХАҮТ-аас маргааш сэтгүүлчдэд бүрэн танилцуулах аж. 


相关新闻