БАЯНХОНГОР: Музейд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх булан" шинээр нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-10 15:06:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 


Энэ өдөр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, нарийн бичгийн дарга Т.Норов, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал болон төр захиргааны байгууллагын удирдлага албан хаагчид, шашны төлөөлөл,  хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нар Хөгжимт драмын театрын цэцэрлэгт хүрээлэн дэх хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.



Өнөөдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу Баянхонгор аймгаас хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдээс долоон иргэн 80 сая төгрөг, долоон иргэн 40 сая төгрөг, 500 гаруй иргэн тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг  авсан тухай Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос мэдээллээ.  


Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд аймгийн ИТХ, түүний ажлын албанаас ЕБС-ийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шашин номын байгууллагууд буяны ном хурж, аймгийн музейд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх булан" шинээр нээлтээ хийж үзмэрээ толилуулж байна. Мөн хөдөлгөөнд оролцож буй автомашинууд ойрын гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэв.




相关新闻