СЭЛЭНГЭ: Сургалтын үр дүнд нэгдмэл ойлголтод хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн
орчин” сэдэвт сургалтыг энэ сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын
хурлын их танхимд зохион байгууллаа.
Тус сургалтыг “PlanetGOLD” Монгол төслөөс Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-тай хамтран явуулав. Уг сургалтад аймаг, сумын Засаг даргын
дэргэдэх ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, ХАБЭА хариуцсан ажилтан, ОБГ, МХГ, ЭМГ, Нийгмийн
даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, БОАЖГ, Мандал, Баянгол
сум, Түнхэл тосгоны ЗДТГ-аас ирсэн төрийн албан хаагчид оролцлоо.
Ингээд сургалтын онцлогийн талаар “РlanetGOLD” Монгол
төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээгээс тодрууллаа.
-Тэрээр:-“Бид сургалтаараа бичил уурхай дахь аливаа осол
гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа
хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаар төрийн байгууллагуудын ажилтнуудад зохих мэдлэг мэдээллийг хүргэлээ.
Манай
төсөл алтны уурхайн үндсэн ордод ажилладаг албан ёсны нөхөрлөлүүдтэй хамтарч
ажилладаг. Сүүлийн үед бичил уурхайн журам шинэчлэгдэж, ковидтой холбоотойгоор шинээр
дүгнэлт гаргах, шинээр гэрээ байгуулах ажил зогссон. Яг бичил уурхайн талбарт
хэдий хэмжээний осол аваар гарсан гэсэн нарийн тоо хараахан байхгүй байгаа. Бид
энэ сургалтыг Ховд, Говь-Алтай аймагт хийгээд одоо Сэлэнгэ аймагт явуулж
байна.
Хууль
бус алт олборлолтод осол нэлээд гардаг хэдий боловч үүнийгээ нуун
дарагдуулах хандлага байдаг гэдгийг бидэнд мэдээлж байсан. Манай төслийн нэг
гол бүрэлдэхүүн хэсэг бол албажуулалт байдаг. Тэгэхээр албан ёсны үйл ажиллагаа
явуулж, гэрээгээ байгуулсан газрууд өөрсдөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх
ёстой.
Гол
нь эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах ёстой, тоон мэдээ
статистик мэдээллүүд нь нэгдмэл байх ёстой. Ингэснээр ХАБ-ын зөвлөлдөө
зангидагдаад ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. Ингэсэн
тохиолдолд зөрчлүүд гарах тохиолдлууд буурна гэж харж байгаа. Манай төсөл 2019
онд эхэлсэн. Цаашид бид бичил уурхайн шинэчлэгдэж байгаа журамд илүү анхаарч
ажиллана гэж бодож байгаа” хэмээн ярилаа.
Энэхүү төсөл нь Даян
дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр "Алтны бичил уурхайд мөнгөн
усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр. Олборлогчоос боловсруулагч руу "PlanetGOLD”
хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг аж.
Ингээд НҮБ-ын Байгаль орчны
хөтөлбөр, Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас Канадын Алтны бичил уурхайн
зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гүйцэтгэдэг байна.
Тус сургалтын сургагч багшаар ХАБЭА-н Үндэсний хорооны
гишүүн, зөвлөх, сургагч багш Т.Эрдэнэ ажиллав.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь аль ч хэвшлийн аж ахуйн
нэгжид хамааралтай чухал сэдвийн нэг учраас энэхүү сургалтыг явуулж байгаа аж.
Сургалтаар алтны бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-н шаардлагууд, бичил уурхай дахь эрсдэлүүд, түүнийг үнэлэх. Мөн химийн хорт бодисын нөлөө, төрийн болон бичил уурхайн байгууллагуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголт өгч буйгаараа онцлог байв.


