ОРХОН: Хог ангилан ялгах үйлдвэр байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/.Орхон
аймаг хог, хаягдлын менежметээ сайжруулж
ангилан ялгах үйлдвэр байгуулах, хогийн нэгдсэн цэгийнхээ тэлэлтийг
хумьж далан босгох, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, тээвэр ложистикийн төв
байгуулах гээд олон ажлыг хийж байна.
Үүний үр дүнд тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлсэн Эрдэнэт хот бий болох юм.
Энэ талаар Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяртай ярилцлаа.
-Эрдэнэтийнхэн бид 46 жилийн хугацаанд 180 га газарт 5 сая шоо.метр
хог “үйлдвэрлэжээ”. Цаашид хүн ам, үйлдвэрлэл өсөхийн хэрээр
хог, хаягдал нэмэгдэнэ. Хог хаягдыг бууруулах, дахин боловсруулах, эдийн
засгийн эргэлтэд оруулах буюу хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор
хэрэгжүүлж буй хөтөлбөрийн явц хэр байна?
-Орхон аймагт өмнө нь хог хаягдлын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг
гэж байгаагүй гэж хэлж болно. Энэ оны хоёрдугаар сард аймгийн ИТХ-ын
хуралдаанаар “Хог, хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг
баталсан. Хөтөлбөрийн хүрээнд ХТГ-ын парк шинэчлэлт, тээвэр ложистикийн
төв, хог ангилах ялгах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг бууруулах
чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд ажиллаж байна.
Тухайлбал, Польш улсын хөрөнгө оруулалтаар Орхон аймагт хоёр том төсөл
хэрэгжиж эхлээд байна. Нэгдүгээрт, Хот тохижуулах газрын парк
шинэчлэлтийг тус улсын хөрөнгө оруулалтаар хийж байна. Парк шинэчлэлийн хүрээнд
12 төрлийн машин ирнэ. Үүнээс 9 машин ирчихсэн, үлдсэнийг нь 12 дугаар сард
багтаан хүлээн авна.
Хоёрдугаарт, тус улсын хөрөнгө оруулалтаар хогийн нэгдсэн цэгт Хог ангилан ялгах үйлдвэр байгуулна. Үүнийг дагаад хогийн цэг орчмын дэд бүтцийн асуудал
шийдэгдэж байгаа. Тэнд үйлдвэр барихын тулд тог цахилгаан татах, худаг гаргах,
хашаа барих бүрэн камержуулах, зам, гэрэлтүүлэг гээд маш олон асуудлыг
шийдвэрлэсэн. Тус үйлдвэр ашиглалтад орсноор хогоо хогийн цэгт тээвэрлэн
хүргээд дахин боловсруулах хогийг ангилан ялгаж, үлдэгдлийг нь хогийн цэгт
төвлөрүүлж дарж устгана. Уг ажлын эхлэл болгож Орчны бохирдлыг бууруулах
үндэсний хороотой манай байгууллага хамтран хогийн цэгийн зөвшөөрөгдсөн 80.3
га газраас тэлсэн 35 га газрын хогийг дарж, хумьж далан босгон
тархалтыг нь хязгаарлаад байна. Түүнчлэн цэвэрлэсэн 35 га газрын 3 га
талбайд ойжуулалт, 1 га талбайд мод үржүүлгийн газар, 11 га талбайд нөхөн
сэргээлт хийхээр төлөвлөн эхлүүлээд байна.
-Хог хаягдлын хэмжээг бууруулж, дахивар хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулахад системтэй бодлого, төлөвлөлт чухал. Гэхдээ төр дангаараа үүнийг хийх боломжгүй. Иргэдийг оролцоог хангах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Орхон аймгийн хогийн нэгдсэн цэгийг 1976 онд байгуулсан бөгөөд 46
жилийн хугацаанд 5 сая шоо.метр хог хуримтлагдаад байна. Сүүлийн 10 жилд Орхон
аймгийн хүн ам 16, аж ахуйн нэгж байгууллагууд 71, айл өрх 16
хувиар өссөнтэй холбоотойгоор хог, хаягдлын хэмжээ 76 хувиар нэмэгдсэн. Тиймээс
хог хаягдлын нэгдсэн бодлого төлөвлөлт, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,
дахивар хогийг санхүүгийн эргэлтэд оруулж нийт хог хаягдлын хэмжээг бууруулах
зайлшгүй шаардлага үүссэн.Үүнд хамгийн гол нөлөө үзүүлэх нь мэдээж иргэд байх
болно. Тиймээс хөтөлбөрийн эхний том зорилт бол иргэдийн хог хаягдлын талаарх
боловсролыг дээшлүүлэх, зөв дадал, зуршилтай иргэдийг бий болгох юм. Иймд
иргэд, аж ахуйн нэгжид нөлөөллийн ажлыг эхлүүлэн, сургалт сурталчилгаа хийж
эхлээд байна.
Орхон аймаг жилд дунджаар 145 мянган шоо.метр хогийг ангилан ялгахгүйгээр
Говил багт байрлах хогийн нэгдсэн цэгт буулгаж, дарж устгадаг байсан. Ингэснээр
хог хаягдлаас үүдэн газрын хөрсний доройтол, бохирдол үүсэж, хогийн
нэгдсэн цэгт өдөр бүр багахан хэмжээний уугилт, дэлбэрэлт болж олон сөрөг
нөлөөлөл бий болсон. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх, бодлогын түвшинд
нэгдсэн системд оруулах шаардлага гарсан.
- Гэр хорооллын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
- Гэр хорооллын хог ачилтын менежментийг сайжруулах чиглэлээр аймаг орон
нутгийн төсвийг 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дөрвөн машин 44 хогийн бункерийг
худалдан авч ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр дээрх 44 хогийн
бункерийг айл, өрхийн гэрийн гадаа тогтсон цэгт 24 цагийн хугацаанд байрлуулж, хог ачилтын машинаар тээвэрлэлт хийх юм. Энэхүү бункер нь 11 тоннын багтаамжтай
бөгөөд дөрвөн талдаа хаалгатай байх юм. Нэг гудамжинд ойролцоогоор 24 өрх
амьдардаг. Тиймээс нэг гудамжинд хоёр бункерийг сард нэг удаа тогтсон хугацаанд
24 цагийн турш байрлуулж хуримтлагдсан хогийг тээвэрлэнэ. Ингэснээр айл өрх
гудамжиндаа хогоо гаргаж тавиад ачуулдаг байдлыг халахаас гадна, тогтсон
хугацаанд хог ачилт тээвэрлэлт явагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Гэхдээ
энэхүү ажлыг туршилтын журмаар эхний ээлжинд хүн ам багатай таван багт
хэрэгжүүлнэ.
-Баярлалаа.