ХОВД: Хөгжмийн зохиолч Х.Баатарын хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-01 17:48:40

Ховд/МОНЦАМЭ/. Нэрт хөгжмийн зохиолч Хаймчигийн Баатар нь 1944 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт төржээ. 

Бага насандаа дуу, хөгжмийг өөрийн сонирхлоор сурсан. 1962 онд наймдугаар анги төгсөөд Ховдын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1963 онд УБИС-д элсэн орж, улмаар 1967 онд хөгжмийн багшаар төгсөөд Сөгнөгөрт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. 

Дараа нь 1979 оноос Нийслэлийн 15 дугаар сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1971 онд Багшийн дээдийн кино найруулагчийн ангид элсэн орж, 1974 онд төгсөөд Холбооны сургалтын төвд соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Тэрбээр ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон дууны ая, эгшгийг зохиосон.

Үүнээс нийслэл хотын сүлд дуу Миний Улаанбаатар, Зулзаган цагаан хус, Зуслангийн уянга, Цэцэг нуурын хөвөө, Цэргийн бодол, Оюутан ахуй цагаа дурсана уу, Алтанхан сортой тариа, Намраа дуулъя, Яргуй чи юундаа яаараа вэ?, Адуучин, Дуучин ботго, Бор шувуу зэрэг дууг нэрлэж болох юм.  

2022 оны долоодугаар сард нэрт хөгжмийн зохиолч Х.Баатарын хань, үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан хамтраад  Ховд аймгийн  Эрдэнэбүрэн сумын Соёлын төвийн дэргэд түүний гэрэлт хөшөөг босгосон гэж нутгийн иргэд онцлон мэдээллээ.  



相关新闻