Пакистанд байгалийн гамшгийн улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учраад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-08-30 17:16:40

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистанд үерийн гамшгийн улмаас 10 тэрбум гаруй ам.долларын хохирол учирсан гэж урьдчилан тооцоолж байгаа талаар тус улсын Төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайд Ахсан Икбал даваа гарагт мэдэгджээ. Мөн олон улсын хамтын нийгэмлэг Пакистаныг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж хэлсэн байна.


Пакистанд энэ зун урьд хожид үзэгдэж байгаагүй үерийн гамшиг нүүрлэсний улмаас 1000 гаруй хүн амиа алдаад байгаагаас гадна олон зам, тариалан, дэд бүтэц, гүүр эвдэрч сүйджээ. Улмаар байгалийн гамшигт 33 сая гаруй хүн нэрвэгдээд байгаа нь улсын нийт хүн амын 15 хувьтай тэнцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайдын хувьд үүсээд буй нөхцөл байдлыг “уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүмүүнлэгийн гамшиг” гэж тодорхойлжээ.


Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ А.Икбал хэлэхдээ, байгалийн гамшгаас үүдэн учирсан хохирлын хэмжээг асар их байна хэмээн бодож байгаагаа илэрхийлээд, одоогийн байдлаар гаргасан урьдчилсан тооцоогоор 10 тэрбум ам.доллар даваад байна гэжээ. Мөн үерийн улмаас одоогоор 1000 хүн амь насаа алдаж, нэг сая орчим байшин барилга эвдэрч сүйдээд байгааг нэмж хэлсэн байна. 

相关新闻