Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр Их хурал нээлтээ хийлээ 

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-15 12:15:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр Их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ. 

”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Төрийн ордны Их танхимд нээлтээ хийж буй хурлыг Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хөтлөн явуулж, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо үг хэлэв. 
Монголч эрдэмтдийн хурлын нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэлж, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Клаус Сагастерийн мэндчилгээг уншиж танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 7 дугаар сард, Олон улсын монголч эрдэмтний XI их хурлыг 8 дугаар сард зохион байгуулж байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл-зуны олимпийн их наадам Бразил Улсад амжилттай үргэлжилж байгаа энэ цаг үед Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп Улаанбаатар хотноо ийнхүү эхэлж байна.

Монгол хэл, бичгийн эрдэмтний анхдугаар их хурал Улаанбаатар хотноо 1959 онд чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Ш.Лувсанвандан,  А.Лувсандэндэв, Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байна. Монгол судлалын галыг өрдөж, замыг зассан эрдэмтдийн араас олон шилдэг судлаач төрөн гарч, монгол судлал бэхжин хөгжиж яваа билээ.

Бид монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгаанд анхаарч, зарлиг шийдвэр гарган, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг Та бүхэн мэднэ. Хийсэн ажил чамгүй байна, хийх ажил ч их байна. Бид энэ жил Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын их түүхийн цахим лавлах” номын төсөл; үндэсний сонгодог өвийг өвлөн уламжлагчдыг дэмжин “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлж байна. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүйг эндээс харж болно. 

Бид олсон ололтоосоо ухарч болохгүй. Монгол Улсын Их Сургуулийн ууган факультет Монгол хэл, соёлын сургуулийг сэргээн байгуулах хэрэгтэй. Монгол судлалын дээд сургууль байх ёстойг өмнөх их хурлын үед хэлж байснаа дахин сануулахад илүүдэхгүй буй за.  

Монгол хүн бүр монголыг судалдаг судлаач Та бүхэнд баярлаж яваа гэдэгт би итгэж байна. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд, хувь хүмүүс монгол судлаачдаа улам их дэмжиж байхыг уриалъя" гэв. 

Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат "Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно. Тиймээс монгол судлаачдын тоо өсөж, монгол судлалын сургалт, судалгааны төвүүд нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнц бидний талаар хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг авах болно. Ийм боломж улам өргөжиж байна. 

Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ. Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургууль  монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  байна. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, судалгааны томоохон суурь бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр ч санаачилга гарч байна. 

Цаашид гадаад орнуудад хадгалагдаж байгаа ховор баримт сэлтийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтдийн гарт хүргэх санал, санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод ажлаа уялдуулж, хамтран ажиллан чанар, үр дүнг шинэ шатанд гаргахад анхаарах нь чухал юм" гэлээ. 

Үүний дараа Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Клаус Сагастерийн мэндчилгээг уншиж танилцууллаа. Тэрбээр хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа учир хүрэлцэн ирээгүй юм. Тиймээс хурлын нээлтэд зориулж мэндчилгээ ирүүлсэн бөгөөд үүнд "Олон улсын монголч эрдэмтний их хурал 57 жилийн түүхтэй. Монгол Улсын үе үеийн төр, засгийн газар хүмүүнлэгийн ухааны салбарыг чухалчилж ирсний баталгаа нь аливаа саад бэрхшээлийг даван туулж Их хурлаа амжилттай зохион байгуулсаар ирсэнд оршино. Монгол судлал бол түүх, соёлоо үргэжлүүлэх монголчуудын үндэсний бахархал билээ. 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал болоход манай салбарын тэргүүлэгчид бүгд оролцож байсан. Багагүй саад бэрхшээл тулгарсан ч энэ бүхнийг даван гарч одоо монгол судлалын эрдэмтэд уулзаж, санал солилцоход улам амар болж байна. Монгол судлалыг цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр хуралдааныг зохион байгуулж байгаа Монгол Улсын төр, засаг, байгууллагуудад талархал илэрхийлж байна" гэсэн юм. 

Дараа нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл Олон улсын монгол судлал нь даян дэлхийн өнцөг булан бүрт Монголоо судалж, монголчуудынхаа төлөө эрдэм ухаанаа дайчлан, цаг наргүй хөдөлмөрлөж буй улс бүрийн бүтээлч олон зуун эрдэмтэн судлаачдыг хамарсан олон улсын томоохон үйл явдал болон өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын төр засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд олон талаар онцгой анхаарч, үр дүнгээ өгсөөр байгаа бөгөөд 2030 он гэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг ДНБ-ийн 3 хувьд хүргэхээр заасан нь монгол судлалыг хөгжүүлэх дорвитой түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.  

Нээлтийн ёслол Академич Б.Ринчений нэрэмжит шагнал гардуулах ёслолоор өндөрлөж, Эрдэм шинжилгээний бүгд хуралдаанаар үргэлжиллээ. Бүгд хуралдаанд Г.Чулуунбаатар, Д.Төмөртогоо нар “Монгол судлал ба тогтвортой хөгжил”, Кристофер Атвүд “Монголын нууц товчоо хэрхэн бичигдсэн бэ” сэдвээр илтгэл тавьж байна. 

Үдээс хойш салбар хуралдаануудын нээлтийг хийх юм. Салбар хуралдаанууд “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн сэдвийн дор таван салбар болж итгэл хэлэлцэнэ. 
Нийт дөрөв хоног үргэлжлэх энэхүү хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, ЕТГ, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна. 

Дэлхий улс оронд Монгол судлалын олон холбоо, нийгэмлэг байдаг боловч монгол судлаач эрдэмтдийг нэгтгэсэн хамгийн том байгууллага нь Олон улсын монгол судлалын холбоо юм. Олон улсын Монгол судлалын холбоо 1959 оноос нэгдсэн зохион байгуулалтад орсон бөгөөд дүрмийн дагуу таван жил тутамд Их хурлаа хийж, Монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцдэг. 
Төрөөс Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан цаг үед энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻