"Боко Харам" бүлэглэл хулгайлагдсан охидыг дүрс бичлэгээр харуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАБУЖА. /ВВС/. Нигерийн “Боко Харам” бүлэглэл Чибок хотоос хулгайлсан сурагч охидыг харуулсан дүрс бичлэгийг цахим хуудсанд нийтэлжээ.
Энэ дүрс бичлэгт 50 орчим охид нэгэн буутай этгээдтэй хамт байх бөгөөд буутай этгээд “Боко Харам” бүлэглэлийн дайчдыг суллаж, охидоор солихыг шаардахын зэрэгцээ зарим охид агаарын цохилтод амиа алдсан гэж мэдэгдсэн байна.
Харин Нигерийн Засгийн газар энэ дүрс бичлэгийг хийсэн босогчидтой холбоо тогтоосон гэж мэдэгджээ.
Үүнээс гадна “Боко Харам” бүлэглэлтэй холбоотой сэтгүүлчийг Нигерийн арми эрэн сурвалжилж байна. “Боко Харам” бүлэглэл 2014 оны дөрөвдүгээр сард төгсөх ангийн 276 охиныг хулгайлсан бөгөөд тэдний 200 гаруй нь тус бүлэглэлийн гарт байна гэж албаны хүмүүс үзэж байгаа билээ.
Тэдгээр охидын дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртөж, зарим нь босогчидтой хүчээр гэрлэж байгаад охидын гэр бүл болон албаны хүмүүс түгшиж байна.
Д.Нямтулга