ОРХОН: Г.Бадрал: Орхон аймаг ангиографийн аппаратаар 150 гаруй хагалгааг амжилттай хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-23 16:16:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн БОЭТ-ийн ангиографийн эмч Г.Бадралтай ярилцлаа.



-Орон нутагт нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдаг. Харин та манай аймгийг сонгож ирсэнд баярлалаа. Залуу хүмүүс амбиц, амьдралаа бодоод Улаанбаатар хотыг зорьдог эсвэл тэндээ үлддэг. Харин та Эрдэнэтийг сонгож энд ажиллаж тэр тусмаа шинэ эмчилгээ, үйлчилгээ буюу судсан доторх мэс ажилбар-ангиографийн эмчээр ажиллаж байна. Энэ сонголтыг хийх шалтгаан юу байв?

-Би Улаанбаатар хотод төрж, өсч, тэнд их сургуулиа төгссөн. Хотдоо л ажиллаж, амьдрана гэж бодож байлаа. Тэгсэн манай гэр бүлийн хүн шүдний эмч мэргэжлээр надаас нэг жилийн өмнө төгсөж  Эрдэнэт рүү түр ажиллахаар явав. Би дараа жил нь сургуулиа төгсөөд эхнэрийнхээ араас Эрдэнэтэд ирж “Нийцэл” ӨЭМТ, БОЭТ-ийн Яаралтай тусламжийн төвийн Хүлээн авах тасагт ажилласан. Энэ хугацаанд цаашид ямар мэргэжлээр мэргэшиж ажиллах вэ гэж их бодсон. Эрэл хайгуул ч хийж байлаа. Янз бүрийн чиглэлээр судалж, оролдож байв. Тэгсэн манай тасгийн дарга \ Яаралтай тусламжийн төв\ Ц.Наран-Эрдэнэ ах намайг ангиографийн эмчээр ажиллаач гэж зөвлөлөө. Би ч судалж үзэхэд судсан дотор мэс ажилбар хийдэг нэлээн нарийн, төвөгтэй мэргэжил шиг санагдлаа. Монголд энэ чиглэлийн эмч ердөө 40 гаруйхан, ангиографийн аппаратын хүрээлцээ нь ч муу. Улсын хэмжээнд бараг арав ч хүрэхгүй. Тэгсэн хэрнээ эрэлт ихтэй, өртөг өндөртэй хийгддэг хагалгаа байлаа. Ингээд Монголд зонхилон тохиолдож буй өвчнийг эмчлэх чиглэлд анхаарлаа хандуулъя, өөрийгөө сориод дайчлаад, хичээгээд үзье гэж шийдсэн. Тэгээд АШУҮИС-ийн дүрс оношилгооны курст 2 жил, ангиологийн сургалтанд дахин нэг жил сурсан. Өөрөөр хэлбэл, 2016 онд их сургуулиа төгсөөд Эрдэнэтэд 2 жил ажиллаад 2018-2021 он хүртэл дахин сурч, Хавдар судлал, 3 дугаар эмнэлгүүдэд ангиографийн чиглэлээр мэс ажилбаруудыг хийж эхэлсэн. Намайг сурч байх хугацаанд Эрдэнэт хот ангиографийн аппараттай болох гэж байгааг сонсоод их гайхсан. Орон нутагт ийм хагалгаа хийж болох нь шүү дээ гэж баярласан.  3 дугаар эмнэлэгт Ангиографийн тасагт ажиллаж байтал надад 4 газраас ажлын санал ирдэг юм байна. Би бүүр гайхаад. Би чинь зүгээр л энэ мэргэжлээр сайн ажиллъя гэж бодож хичээж байсан болохоос ажлын санал ирнэ гэж огт бодож байгаагүй. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад  Эрдэнэт рүү явах шийдвэр гаргасан. Манай хүн ч тэнд мэргэжлээрээ ажиллаж байгаад бүх зүйлээ орхиод ирсэн.  Эндээ ямар ч гэсэн ойрын 5 жил ажиллаж мэргэжлээрээ илүү сайн  мэргэшихээр манай гэр бүл  зорьж байна.


-Ангиографийн аппаратаар хэдэн төрлийн ямар хагалгааг хийж болох вэ, та жаахан дэлгэрүүлж тайлбарлаач?

-Энгийнээр тайлбарлавал, ангиографийн аппартаар судсан доторх бүхий л мэс ажилбарыг хийнэ гэсэн үг. Ангио гэдэг нь судас гэсэн үг. Уг аппаратаар таван төрлийн ажилбарыг хийх боломжтой. Гэхдээ гол нь эмчийн ур чадвар, дадлага туршлагаас их шалтгаална. Тодруулбал, титэм судсан доторх оношилгоо, эмчилгээ, мэдрэлийн судсан доторх оношилгоо, элэгний хавдрын үед үе шатаас нь хамаарч хийх мэс ажилбар, бөөр орлуулах эмчилгээний үед судсанд тунел гуурс байрлуулах, хими эмчилгээний порт тавих эмчилгээг  бид хийж байна. Эдгээр бүх эмчилгээ, мэс заслыг Улаанбаатар хотод хийдэг байсан бол бид Эрдэнэтдээ  хийж эхэлнэ гэдэг дэвшил. Жишээ нь  3 дугаар эмнэлэгт л гэхэд  нейро, зүрх-титэм судас, хэм алдагдалтын ангио гэж хэд, хэд салдаг. Энэ нь эмч нарын багийн хүрэлцээтэй шууд холбоотой. Харин Орхон аймагт Ц.Наран-Эрдэнэ захирал бид хоёр л ангиографийн эмчээр ажиллаж байна.  Ямар ч гэсэн Улаанбаатар хот руу явах урсгалыг багасгаж он гарсаар 157 хагалгаа хийгээд байна. Үүний дийлэнх нь Орхон аймгийн иргэд юм.  Булган, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдийг ч бас эмчилж байна.


Ер нь ангиогарфийн аппаратыг ашиглах, хэрэглэх стандарт гэж бий. Тэр нь 200-250 хүн амын дунд үйлчилгээ үзүүлэх ёстой.  Тэгэхээр Орхон аймгийн БОЭТ нь Хангайн бүсийн 5 аймгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд шаардлагыг нь хангаж байгаа юм. Хоёрт, Орхон аймаг аппараттай болохын зэрэгцээ боловсон хүчнээ ч бэлдсэн. Ямар ч гэсэн хоёр эмч ажиллаж байна. Харин  Дорнод, Ховд, Өмнөговь, Хэнтий аймгийн БОЭТ-үүд  саяхнаас ангиографийн аппараттай болж эмч нараа  бэлдэж байна. Дорнодод л гэхэд нэг эмч ажиллаж байна. Тэгэхээр Орхон аймаг ямар ч гэсэн түрүүлж эхэлсэн давуу талтай юм. Хамгийн гол нь бид Улаанбаатар хот руу 100 өвчтөн илгээх байсан бол үүнийхээ 90-ийг нь энд эмчилж үлдсэн нэн яаралтай бөгөөд бүүр нарийн мэргэжлийн эмч нарын багийн ажиллагаа шаардлагатай 10 өвчтөнөө илгээх нь л үр дүн юм. 100 хүнийхээ 90-ийг нь орон нутагтаа эмчлээд байвал өвчтөнд эдийн засаг,  эрүүл мэнд, цаг хугацааны хувьд хэмнэх давуу талтай юм.


-Ямар ч гэсэн орон нутагтаа ийм хагалгааг хийж эхэлсэн нь дэвшил. Гэхдээ цаашид өргөжихөд шийдвэрлэх ёстой асуудлууд байгаа байх. Тэдгээрээс хамгийн чухал нь юу байна вэ?

-Олон улсад ангиографийн аппаратаар зүрх, хэвлий, мэдрэлийн судсанд хагалгаа хийх буюу энэ 3 чиглэлээр бүүр нарийн хөгжсөн байдаг. Бид одоогоор дөнгөж суралцаж байна. Тиймээс дадлага, туршлагатай болж илүү мэргэших шаардлагатай.  Мөн 2016 оноос өмнө иргэд энэ төрлийн хагалгааны төлбөрийг  100 хувь өөрсдөө төлдөг  байсан бол одоо ЭМД-ын сангаас бараг л 100 хувь төлж байна. Ор, хоногийн төлбөр л авч байгаа байх. Гэтэл иргэд ийм хүнд хагалгааны дараа өөрийн эрүүл мэнддээ маш хайхрамжгүй хандахад эмч хүний хувьд  их харамсдаг. Төлбөрөө төлж байх үед гамаа бариад өөрийгөө эрүүл байлгах гэж хичээдэг байсан бол одоо эсэргээрээ байна л даа. Ангиографийн аппаратаар хийж буй хагалгааны өртөг өндөр, ялангуяа материалын хэрэглэгдэхүүн л гэхэд 4-5 сая төгрөг болдог. Ийм хэмжээний мөнгийг төрөөс хөнгөлж таныг эмчилж байхад иргэн өөртөө хайртай байх ёстой юм. Эцэстээ манайхны эрүүл  мэндийн боловсрол дутмаг байгаагийн нэг илрэл юм даа.


-Та Улаанбаатар хотод томоохон эмнэлэгүүдэд ажиллаж байсаных орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудлаар онцолж мэдрэгдэж байсан зүйл байв уу?

-Би дээр хэлсэн дээ. Ийм төрлийн хагалгааг Улаанбаатар хотод хийхэд эмч, тоног төхөөрөмжийн хүрэлцээ бага байсан учир хөдөө орон нутгаас ирэх иргэд удаан хугацааны дарааллын дараа хагалгаанд ордог байлаа.  Тэдэнд олон зүйлийн хүндрэл үүсдэг байсан.  Харин орон нутагт нь хагалгаа хийгээд эхлэхэд, үзүүлж чаддаггүй байсан хүмүүс ихээр хамрагдаж тэр ч бүү хэл өвчин нь хүндэрсэн хүмүүс олон байгаа нь анзаарагдсан.  Өөрөөр хэлбэл, өөрийнхөө өвчнийг хүндэрсэн гэдгээ анзааралгүй явсаар орон нутагт нь хагалгаа хийх боломж бүрдэхэд үзүүлж байх жишээтэй. Тиймээс өөрийн биеэ хайрлаж эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай юм. Хэрэв ингэж чадахгүй бол эцсийн дүнд хагалгааны заалтанд л орно гэдгээ ойлгох хэрэгтэй.


-Монголд хорт хавдарын өвчлөл өндөр байгаа нь эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой гэж эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Ялангуяа хавдрын сүүлийн шатандаа орсон  үедээ эмнэлэгт хандаж байгаа нь маш харамсалтай юм.

- Хүний насжилт нэмэгдэх тусам хадварт өртөх эрсдэл нэмэгддэг.  Иймд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь нэн чухал. Хоёрт, хорт хавдраар өвчлөгсдийн тоо нь гамшгийн хэмжээнд биш харин нас баралтын тоо нь гамшгийн хэмжээнд байгааг ойлгох хэрэгтэй. Бусад улсад  ч гэсэн хорт хавдраар өвчлөгсөд олон ч тэд анхан шатанд нь илрүүлж эдгээж чадаад байна. Гэтэл Монголд эсэргээрээ. Хорт хавдрын 3,4 дүгээр шатанд илрэхээр хийх эмчилгээгүй болж тухайн хүн наснаасаа эрт явчихаж байна. Тиймээс л Засгийн газраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Хавдрыг анхан шатны эмнэлэгт эхогоор илрүүлж болно. Нэг см хүртэлх хавдрыг илрүүлэх боломжтой. Эрдэнэт хот ӨЭМТ-ийн цогцолборуудтай. Тоног төхөөрөмж, эмчийн хүрэлцээ сайтай. Давуу тал ихтэй байгаа учир иргэд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй юм.


-Танай салбар ямар ч гэсэн шинэчлэлт хийж байна. Эмнэлгүүдийг гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжих эрхийг нь олгож байгаа нь менежмент удирдлагаа өөрсдөө хийх, эмч нарын цалин хангамж нэмэгдэх сайн талтай байна. Таны хувьд салбарынхаа ирээдүйг хэрхэн дүгнэж байна вэ?

- Боловсон хүчний хувьд улам залуужиж  чадалтай, ур чадвартай эмч нар олноор бий болж байна. Хамгийн гол нь тэдний хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол сайн эмч нар 5-10 жил ажиллаад санхүүгийн байдлаасаа болоод өөр салбар луу орж байна. Энэ бол маш харамсалтай юм. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбар туршлага дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, бид сайн эмч, багшийнхаа туршлага дээр чадавхиждаг. Гэтэл сайн эмч нар салбараасаа гараад байвал дараа, дараагийн үеийнхэнд хэцүү байх болно. Иймд миний бодлоор, тангараг өргөсөн эмч юм чинь хэдэн ч төгрөгийн цалинтай байсан ажилла гэж хатуу шаардлага тавьж болохгүй. Тэд яг бусадтай адил л ажиллаж амьдрал, гэр бүлээ тэжээж байгаа. Иймд хүсэл мөрөөдлөөрөө чин зорилгоороо ажиллаж байгаа эмч нараа сайн дэмжих хэрэгтэй. Тэдний хөдөлмөрийг бодитойгоор үнэлж иргэд өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хариуцах хандлага, сэтгэлзүйтэй болох хэрэгтэй юм. Миний хувьд ангиографийн эмчээрээ дахиад олон жил сайн ажиллаж улам мэргэшиж өөрөө, өөртөө үнэт зүйл бүтээж, зорилгоо биелүүлэхийг нь хүсч байна.


-Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻