Колумб, Венесуэл хилээ хэсэгчлэн нээхээр тохиролцлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБОГОТА. /ВВС/. Колумб болон Венесуэл жил орчим хугацаанд хаалттай байсан хилээ хэсэгчлэн нээхээр тохиролцлоо.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нар хилийг бямба гарагт дахин нээнэ гэж мэдэгдсэн байна.
2200 км урт хилийн зурвасын таван хэсэгт хил нээх бөгөөд эхний ээлжид зөвхөн явган зорчигчдыг нэвтрүүлэх ажээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өмнө нь аюулгүй байдлыг хангах үүднээс хилээ хааж, олон колумбчуудыг улсаасаа албадан гаргасан билээ. Энэ цаг үеэс хойш хоёр улсын худалдааны эргэлт буурсан байна.
Хоёр Ерөнхийлөгчийн мэдээлснээр, хилийг өдөр болгон 08:00-20:00 цагийн хооронд нээхээр болжээ. Мөн тэд цаашид хилийг бүрэн нээх талаар хэлэлцэх бөгөөд эхний ээлжид аюулгүй байдал, худалдаа, эрчим хүчний тухай хэлэлцээр байгуулах шаардлагатай гэж мэдэгджээ.
Колумбын хагас цэрэгжсэн цэргүүд Венесуэлийн цэргийн эргүүл рүү халдаж, гурван цэргийг шархдуулсан хэрэг гарсны дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сард Николас Мадуро хил хаах зарлиг буулгасан байна. Энэ оны долдугаар сард Венесуэл хилээ хоёр удаа нээж, хоол хүнс, эм тариа худалдан авах хүмүүсийг нэвтрүүлжээ. Энэ үед 200 мянга орчим хүн Колумб руу орсон байна.
Д.Нямтулга