Орос, Иран, Турк Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-20 09:47:55

МОСКВА. /RIA Novosti/. Орос, Иран, Туркийн Ерөнхийлөгч нар Сирийн байдлын талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа гэж Владимир Путин мэдэгджээ. 


Тэрбээр мягмар гарагт Иранд айлчилж, Астанагийн форматын долоо дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.


“Хамтарсан мэдэгдэлд Сирийн байдлыг тогтвортой, хэвийн болгох ашиг сонирхлын үүднээс Орос, Иран, Турк гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх амлалтаа дахин нотоллоо" гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Уг баримт бичигт Сирийн хямралыг гагцхүү дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой гэдгийг тодорхойлжээ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тоот тогтоолд үндэслэн зөвхөн сиричүүд өөрсдөө улс орныхоо нөхцөл байдлыг зохицуулна гэж тусгасан байна. 


“Астанагийн” дээд түвшний 19 дэх удаагийн ээлжит хэлэлцээг он дуусахаас өмнө товлож, дараагийн дээд хэмжээний уулзалтыг ОХУ-д зохион байгуулахаар болсон байна. Москва, Анкара, Техран сүүлийн уулзалтаас хойш гарсан өөрчлөлтүүдийг дүгнэж, энэхүү форматын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.


Орос, Иран, Турк мөн Сири рүү, тэр дундаа иргэний объектууд руу хийж буй Израилын дайралт үргэлжилсээр байгааг буруушаажээ. Талууд тус улсад "газар дээр" шинэ бодит байдлыг бий болгох оролдлогоос татгалзаж, өөр өөр нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй террористуудтай тэмцэх төлөвлөгөөтэй байгаагаа нотолсон байна.


Гурван улсын Ерөнхийлөгч нар Сирийн эсрэг дангаар авсан бүх хууль бус хориг арга хэмжээг шүүмжилжээ. Тэд мөн Идлиб дэх нөхцөл байдлыг нарийвчлан хэлэлцэж, тус улсын энэ хэсгийн байдлыг хэвийн болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. 


Эцсийн мэдэгдэл болон дээд хэмжээний уулзалтын талаар Ираны Ерөнхийлөгч Раиси тайлбар өгөхдөө талууд Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах амлалтаа дахин нотолсон гэжээ.


Харин Путин мэдэгдэхдээ, уулзалт үр бүтээлтэй болсон гэсэн байна. "Бид ажил хэрэгч, бүтээлч уур амьсгалд ноён Раиси, ноён Эрдоган нартай Сирийн асуудлаарх хамтын ажиллагааны гол асуудлуудыг бодитой хэлэлцлээ" гэж тэрбээр хэлжээ. 


Оросын удирдагчийн тэмдэглэснээр, Сирийн хууль ёсны эрх баригчид улс орныхоо томоохон газар нутгийг дахин хяналтдаа авсан бөгөөд одоо тус улсын удирдлагын гол зорилго нь хойд бүс нутгууд болжээ. Путин, Эрдоган, Раиси нар мөн дэд бүтцийг сэргээх замаар Сирид үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. 


Талууд түүнчлэн Сирийн Үндсэн хуулийн хорооны ажлын талаар хэлэлцжээ. 


“Мэдээж хэрэг, бид Иран, Туркийн түншүүд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элчтэй хамтран Астанагийн форматаар Сирийн асуудлыг зохицуулах тэргүүлэх үүргийг хадгалан тус хорооны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаанд бүх талаар туслахад бэлэн байна” гэж Путин нэмж хэлсэн байна.


Сирид 2011 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Казахстаны нийслэлийн хуучин нэрээр “Астанагийн формат” гэж нэрлэгддэг Нур-Султаны хэлэлцээ 2017 оноос хойш үргэлжилж байгаа бол 2018 оны нэгдүгээр сард Сочи хотноо Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгресс болсон нь мөргөлдөөн эхэлснээс хойш хэлэлцээний нэг талбарт өргөн хүрээний оролцогчдыг цуглуулах анхны оролдлого болсон юм. Энэхүү конгрессоос гарсан гол үр дүн бол Женевт үйл ажиллагаагаа явуулж байгаа Сирийн Үндсэн хуулийн хороог байгуулах шийдвэр бөгөөд тус хорооны гол үүрэг нь Үндсэн хуулийн шинэчлэлд бэлтгэх юм.


相关新闻