СЭЛЭНГЭ: Сэлэнгийн баатрууд нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-06 23:28:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Анхтамир" ХХК-ийн захирал Шаравын Норовсамбуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Тэрээр авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 шахам жил хөдөлмөрлөж байгаа аж. Мөн Монгол Улсад атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн нэгж га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн улсдаа тэргүүлж байгаа юм. Түүнчлэн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн хамт олноо улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарахад идэвх санаачилга гарган манлайлан ажилласаар иржээ. Ийнхүү “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуугийн ард түмнээ эрүүл хүнсээр хангах, авто тээвэр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол хүртээлээ.

Ш.Норовсамбуу баатрын газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж яваа он жилүүд Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой юм. Тухайбал Түшиг суманд Улсын удаа дараагийн аварга “Анхтамир” ХХК, Орхонтуул суманд "Суварган тамир" ХХК амжилт дүүрэн үйл ажиллагаагаа явуулж аймаг, сум орон нутагтаа хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж байгаа юм.

 

相关新闻