Элчин сайд Мурат Карагөз Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өнөөдөр /8 дугаар сарын 8/ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэд бараалхлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Мурат Карагөз Турк Улс нь Монгол Улсын Евразийн бүс нутаг дахь итгэлтэй нөхөр, ойрын хамтын ажиллагааны түнш орон хэмээн үздэг гээд хоёр улсын харилцааны хамгийн хүчирхэг багана бол батлан хамгаалахын салбар болохыг дурдаад, Турк Улс нь Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд үзүүлж ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд техникийн, ар талын болон сургалтын чиглэлийн дэмжлэгийг үргэлжлүүлэх болохоо илэрхийллээ.
Батлан хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэ Турк Улс нь Монгол Улсын чухал нэгэн гуравдагч хөрш болохыг онцлоод, батлан хамгаалах салбарын харилцааг өдрөөс өдөрт хөгжиж буйд таатай байгаагаа, мөн хүчирхэг эдийн засагтай Турк Улс нь цаашид ч Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэдэг гэдгээ илэрхийлээд ойрын хугацаанд Монгол Улсаас Турк Улсад суух Батлан хамгалахын атташегийн албыг байгуулахаар төлөвлөж буйг дурдлаа.
Элчин сайд Мурат Карагөз сайд Б. Бат-Эрдэнэд өнгөрөгч 7 дугаар сарын 15-ны өдөр Турк Улсад төрийн эргэлтийн оролдлого гарснаас хойшхи үйл явцын талаар мэдээлэл өгсөн ба Монгол Улсын Батлан хамгаалахын сайд хариуд нь Монгол Улсын Засгийн газар Турк Улсын хууль ёсны, ардчилсан төрийн байгуулал, ардчилсан улс төрийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилд бараалхсан бөгөөд уулзалтаар хоёр улсын хоорондын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-ны талаар хэлэлцэж ойрын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.