Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг боловсролоор дэмжье

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-20 15:20:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл

Манай улсад өнөөдөр бондын зах зээлийг боловсролоор дэмжих шаардлага үүсчээ. Ганц бонд ч бус, ерөөс хөрөнгийн зах зээлд гарч буй шинэ, хуучин бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг боловсролоор тэтгэх цаг үе иржээ. Энэ ажлыг Монголын Хөрөнгийн бирж, СЭЗИС хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын үндэсний хөтөлбөр”-өөр эхлүүлээд байна.


Энэ нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл, боловсролыг системтэйгээр, илүү өргөн, өндөр түвшинд, цогц байдлаар хүргэх зорилготойг Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна. Тэрээр, “Монголын хөрөнгийн зах зээлийн боловсрол” үндэсний хэмжээний цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлж буй нь:

  • сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгийн зах зээлийг өөрийг нь либериалчилж, Хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтийн болгох,
  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх төрийн өмчийн шинэчлэл,
  • арилжааны томоохон банкууд мөн IPO хийх зэрэгтэй холбогдон гарч байгаа төр, засгийн бодлого шийдвэртэй уялдаж буйг тодотгож байна.

Тэрбээр хөрөнгийн зах зээл-үнэт цаасны талаар олон нийтэд мэдээлэх анхан шатны сургалтыг ААН-үүдэд болон хөдөө орон нутгийн иргэдэд тогтмол явуулж буй. Гэхдээ цаашдаа хөрөнгийн зах зээлд ажиллах боловсон хүчинг бэлтгэх, энэ салбарын талаар нийгэм, олон нийт, мэргэжлийн хүмүүст системтэй мэдлэг өгөх шаардлага үүссэнийг хэлж байна.


Энэхүү хөтөлбөрт иргэдийг хэрхэн хамруулах талаар тодруулахад, энд МОНҮТ-тэй хамтран аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй “Ногоон сум” гэсэн, улсын хэмжээний томоохон аянг жишээ татан дурдаж байлаа. Үүнд бусад зах зээлийн оролцогч нар болон үнэт цаас гаргач нартай хамтран мөн олон нийтийг хамруулсан сургалтыг хийхээ мэдэгдэж байна.

Тэрбээр, өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн арилжаа цахимжиж, нийт арилжааны 96 хувийг цахимаар гүйцэтгэж буйг дуулгаж, ямар ч иргэн гар утсаараа үнэт цаасны компанийн апплейкшнээр дамжуулан арилжаанд оролцох боломжтой болсныг мэдээлж байна.

 Хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоо, олон нийтийн ойлголт, мэдлэг хэр нэмэгдэж байна гэхэд, тэрбээр, хөрөнгийн зах зээлийн идэвхжилтэй холбоотойгоор иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд койны шуурга үүсч, өөрөө зохицуулалтгүй, эрсдэлтэй бүтээгдэхүүн ч гэсэн энэ нь нэг талаар иргэдийн хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг харуулсан. Энэ нь дээр дурдсан хөрөнгийн зах зээлийн дараагийн үйл ажиллагааг явуулах шаардлагатайг “хэлж байна” гэв. 


Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол суурийн нэг хөрөнгийн зах зээлийг цаашдын хөгжлийн шинэ шатанд гаргахад боловсон хүчнээ бэлдэх шаардлага үүсч байна. Үүний нэг нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл, боловсролыг системтэйгээр, илүү өргөн, өндөр түвшинд, цогц байдлаар хүргэх зорилготой "Боловсролын үндэсний хөтөлбөр" юм.


Хөрөнгийн зах зээлийн “Боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, СЭЗИС хамтран ажиллах ажиллах санамж бичиг байгуулж, хөрөнгийн зах зээлийн талаарх системтэй, программ бүхий сургалтыг оюутнуудаас эхэлж мэргэшүүлж байна. Тус сургууль нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох мэргэжилтэн бэлтгэхэд сургалт зохион байгуулж, судалгаа хийх зэргээр оролцох юм. Улмаар СЭЗИС дотоодын ТОП 20 ХК-д засаглалын үнэлгээг хийснийг хамтын ажиллагааны томоохон ажлын мөн эхлэл гэж үзэх үндэстэй. СЭЗИС-ийн Компанийн засаглалын мэргэшүүлэх ангийн төгсөх дамжааны оюутнуудын 6 судалгаанд үндэслэн хийсэн дээрх үнэлгээгээр бизнесийн байгууллагууд ямар зарчмаар үйл ажиллагаа явуулж, удирдлагын түвшинд хэрхэн ажиллаж буйг хөндлөнгөөс судалж, мэдээллийг нэгтгэн гаргажээ.


Хэдийгээр тус сургууль компанийн засаглалын судалгааг 10-аад жилийн өмнөөс хийж ирсэн ч өмнө нь ингэж ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ байдлаар дорвитой судалгаа болон үнэлгээг хийж байгаагүйг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны дарга Б.Бүжинлхам тодотгож байна. Нөгөө талаар өнөөдөр бизнесийн орчин, хандлага огт өөр болж, мөн судалгааны арга, аргачлал, компаниудын дотоод бүтэц өөрчлөгдөж ирснийг СЭЗИС-ийн профессор, доктор Т.Цэнд-Аюуш онцолж байна. Эдгээр өөрчлөлт нь үнэлгээ хийхэд илүүтэй мэдрэгджээ.

Компанийн засаглалын үнэлгээг тогтоохдоо байгаль орчин, нийгэм зэргээр компанийн засаглалын шалгуур үзүүлэлтээр 120 асуумж бэлтгэн тухайн компаниудын төлөөллийг судалгаанд хамруулжээ. Энэ талаар судалгаа, үнэлгээг хийсэн СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын магистрант П.Дөлгөөнөөс тодруулахад, хууль эрхзүйд одоохондоо заагдаагүй хэрнээ хэрэгжүүлэх шаардлагатай олон улсын сайн туршлагыг судалж, ингэснээр асуулгаа нэг бүрчлэн бэлтгэн ач холбогдлоор нь үнэлэн боловсруулан бэлтгэснийг хэллээ. Цаашид СЭЗИС-ийн компанийн засаглалыг мэргэшүүлэх ангийн оюутнууд жил бүр компанийн засаглалын үнэлгээг хийж мэдээллийн баазыг бий болгох аж. Энэхүү мэдээллийн сан нь хөрөнгийн зах зээлийн “Боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн тулгуур болох, хөрөнгийн зах зээлийн боловсон хүчинг бэлтгэж, хүний нөөцийг чадавхижуулах зорилготойг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна.


СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр хэлэхдээ, “Манай сургууль Монгол Улсын санхүү, эдийн засгийн салбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийж, ямар сорилтыг туулж ирсэн, тэр бүхэнд оролцож, хөрөнгийн зах зээлийн бүх үйл явдал яалтгүй СЭЗИС-ийн түүхтэй холбоотой байдаг.Учир нь хөрөнгийн зах зээл дээр ажиллах анхны мэргэжилтнүүдийг өнөөдрийн СЭЗИС-ийн өмнөх статус байсан Эдийн засгийн коллеж анх бэлтгэж ирсэн"-ийг дурдлаа. Энэ удаа ч санхүү, эдийн засгийн тогтолцооны нэг тулгуур болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар болж байна гэв.  


Бусад улс оронтой харьцуулахад Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-д харьцангуй бага буюу 13.7 хувийг эзэлж байна. Олон улсын шинжээчид манай хөрөнгө, үнэт цаасны салбарыг хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлээр нэрлэсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсад ТОП-20 индекс 130 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлийн нэг болсныг олон улсын агентлаг онцлон мэдээлсэн. 

Энэ оны 5 дугаар сарын 20-ны байдлаар буюу хамгийн сүүлд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.95 их наяд төгрөг болоод байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 74.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд манай улсад олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголт, боловсролыг системтэй олгох шаардлага тулгарч байна. Энэхүү шаардлагыг биелүүлж хангаснаар хурдацтай хөгжиж буй хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлж байна

相关新闻