Дэд сайдад нэр дэвшигчдийг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-08 14:48:13

Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Мөнхөөгийн Батбаяр, Гончигзэвэгийн Тэнгэр, Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ.

Улмаар дээрх дэд сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "Ашиг сонирхлын зөрчил"-ийг бий болгохоор байна гэж үзжээ.

Иймд М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Н.Туяа

 

相关新闻