Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй байх санал хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Үйлдвэрчний эвлэлээс УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг батлах болон энэ оны улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газарт санал хүргүүлэх болжээ.
Саналд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг үндэслэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай 10 асуудлыг тусгажээ.
Үүнд хямралын үед ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар ялгаварлан халахгүй байж, төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг хангах санал оруулжээ. Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг санал багтжээ. Уг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт хүргүүлжээ.
Ч.Ариунболд