Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-13 15:19:21

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.


Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэнэ гэсэн үг. Мөнгөний бодлогын зөвлөлөөс өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг чангатгасан. Ингэснээр сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэврийн зээл авахад 150 мянга нь зээлэнд, үлдсэн 500 мянга нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж өөрт нь үлддэг болсон юм.


Гэвч бага тэтгэвэр авдаг ахмад настнууд дээд тал нь 1.8 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахаар хязгаарласан нь асуудал дагуулж, шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн байдаг. Энэ дагуу төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх зохицуулалтыг хийжээ. Гэхдээ ахмадуудын хүссэн хэмжээнд тэтгэврийн зээл олгохгүй юм байна. Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосноос хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцжээ. Иймээс хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк нь шийдвэрлэх юм байна.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа, “Нэгдүгээрт, Дэлхийн банкны судалгаагаар хөгшчүүл тэтгэврийнхээ 80, 90 хувийг барьцаалж зээл авч байна. Авсан зээлийн зориулалтыг харахад 60 гаруй хувь нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, машин, орон сууц авахад нь урьдчилгаа болгон зарцуулдаг. Өөрсдөдөө биш гэр бүлийн гишүүддээ зориулж байгаа нь тэтгэврийн хөгшчүүдийн амьжиргаанд хүндрэл үүсгэж байна гэсэн судалгаа гарсан. Хоёрдугаарт, 2020 онд УИХ-аас нэг удаа хэрэгжих хууль гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийн 6.0 сая хүртэлх төгрөгийг тэглэсэн. Тухайн үед нийт тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2025 оны гуравдугаар сард Мөнгөний бодлогын хорооны шийдвэр гаргах үед нийт тэтгэврийн зээлийн үлдэгдэл  2.1 их наяд төгрөг буюу гурав дахин нэмэгдсэн байв. Маш идэвхтэй, хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээл болсон байсан.

Тэгэхээр МБХ-ны хувьд хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого болон Дэлхийн банкны судалгааны үр дүн, мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголбанканд “Хяналтгүй өсөж буй тэтгэврийн зээлд тодорхой хэмжээний хязгаарлалт хийе” гэсэн санал ирсэн тул тэтгэврийн зээлийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс хэтрүүлж олгохыг хориглосон шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооноос гаргасан. Энэ нь огцом, хатуу шийдвэр байсан талаар тэтгэврийнхэн болон салбарын яамнаас хүсэлтүүд ирсэн. Мөн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хөндсөн тул Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын хуралдааны шийдвэрээрээ тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулж байна. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хугацааны талаар ямар ч асуудал ярихгүй, банкууд өөрийн бодлогоор зохицуулж зээлээ олгоно” гэв.




相关新闻