ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Xinhua/. Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд Украин, Герман, Шведийн мэргэжилтнүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ.
Нислэгийг даваа гарагаас баасан гарагийн хооронд Шведийн “Saab 340” нисэх онгоцоор үйлдэнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан Сергей Забелло мэдэгдэв.
Оросын шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж байгаа болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж тэрбээр мэдэгджээ.
1992 онд байгуулсан уг гэрээнд нийт 34 улс, тэдгээрийн дотор НАТО-гийн гишүүн орнуудын ихэнх нь, түүнчлэн ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон нэгджээ. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.
Д.Нямтулга