Өнөөдрийн байдлаар 250 орчим эмч мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний чиглэлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-15 08:58:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол-Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Орхон аймгийн БОЭТ хамтран мэдээгүйжүүлэгч эмч нарын чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа.

Хагалгаа тойрны анагаах ухаан сэдэвт тус чуулга, уулзалтад Улаанбаатар хот, орон нутгийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн 120 гаруй эмч оролцлоо. 

Монгол Улсад мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшсэн 800 гаруй эмч, мэргэжилтэн байдгаас өнөөдрийн байдлаар 250 орчим эмч ажиллаж байна. Тиймээс Монгол-Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгээс салбарын эмч нараа чадавхжуулах сургалтыг жил бүр тогтмол явуулдаг бөгөөд энэ жил орон нутагт анх удаа зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсад жилд 6000 орчим хагалгаа хийгддэг. Мэдээгүйжүүлэгч эмч нар нь мэс заслын үед өвчтөнийг унтуулах эмийн тунг тааруулж, хагалгааны явцад өвчтөний бүх эрхтэн системийг хянахаас гадна өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийх бүхий л үйл явцыг хариуцдаг юм.

Монголын мэдээгүйжүүлэлтийн эмч нар мэдлэг ур чадвар, тоног төхөөрөмж, технологийн хувьд олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд байдаг гэдгийг чуулганд оролцогчид онцолж байв.

相关新闻