Услалтын системтэй хүлэмжийг 60 иргэнд олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-07 10:54:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ 6х20 хэмжээтэй орчин үеийн технологийн шаардлагыг хангасан, услалтын систем бүхий нийлэг хальсан  хүлэмжийг 60 иргэнд гэрээгээр олголоо. Үүнийг “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн, аймгийн “Өрхийн тариалалтыг дэмжих дэд”  хөтөлбөрийн хүрээнд  олгосон  бөгөөд  60 иргэнийг сонгохдоо  байгаль орчин,  хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж байгааг нь шалгуур болгосон байна.  Нийт 60 хүлэмжээс 10-ыг нь мод үржүүлгийн газарт, 50-ийг нь  өрхийн тариалалт эрхэлдэг иргэдэд олгосон ажээ.

Тус нийлэг хальсан хүлэмжийг иргэдэд гэрээгээр олгохдоо Орхон аймгийн харьяат, өөрийн гэсэн газартай, хөдөө аж ахуй, үр тариа, мод үржүүлгийн мэдлэгтэй байх гэсэн ерөнхий  шаардлага тавьсан байна.  Мөн гэрээнд заасан хаяганд тус хүлэмжийг барьж ашиглах бөгөөд хэрэв бусдад шилжүүлсэн бол хүлэмжийн  төлбөрийг 100 хувь барагдуулах шаардлагатай гэдгийг анхаарууллаа.

Аймгийн хэмжээнд ХХААГ, БОАЖГ, Баян-Өндөр сум, Жаргалант суманд хүлэмж хүссэн 160 өргөдөл ирсэнээс  60 –ийг нь ийнхүү шийдвэрлэжээ. Ирэх намар дахин 90 хүлэмж Орхон  аймагт ирэх бөгөөд үлдсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ.

Дээрх 60 хүлэмжийг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр авсан байна. 

相关新闻