Орхон аймагт тариалалт 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг газар
тариалангийн бүс нутагт оршдог ч газар нутгийн хэмжээ багатайгаас
шалтгаалан жилд 5 мянган га талбайд тариалалт хийдэг. Энэ жил
5300 га талбайд тариалалт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар тариалалт 80 хувьтай
байна.
Монгол Улсын Засгийн
газраас “Атрын IV” аяныг зарласан. Аяны хүрээнд стратегийн гол
хүнсний бүтээгдэхүүн улаан буудайн тариалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, төмс,
хүнсний ногоо тариалж байгаа тариаланчдаа төрөөс багагүй дэмжиж
байгаа.
Үүний жишээ нь, өнгөрсөн хугацаанд нийт 26 иргэн, аж ахуйн нэгжид 1,3 тэрбум төгрөгийг
хоёр жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, эхний 12 сар үндсэн
зээлээс төлөхгүй хүү төлөх нөхцөлтэй зээлийг төмс хүнсний ногоо жимс,
жимсгэнэ, зоорийн аж ахуй эрхлэгчдэд арилжааны банкуудаар олгосон байна.
Мөн аяны хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон нь тариаланчдад ихээхэн дэмжлэг болсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий хэллээ. Тэрээр, “Өмнө нь тариаланчид үрээ зах зээл дээрээс худалдаж авдаг байсан. 2016 оноос хойш Орхон аймагт “Монгол ногоо” төслийн үрийн гэрээт борлуулагч Жаргалант суманд ажиллаж байна. Ингэснээр тариаланчид чанарын шаардлага хангасан үрээр хангагдаж эхэлсэн” гэсэн юм.
ЭНЭ ЖИЛ ДОТООДЫН ТАРИАЛАЛТААР АЙМГИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ
ХЭРЭГЦЭЭГ 80 ХУВЬ ХАНГАНА
Орхон аймаг дотоодынхоо тариалалтаар үр тариа, төмснийхөө хэрэгцээг 100
хувь, хүнсний ногооныхоо хэрэгцээг
72 хувь хангадаг. Энэ жил “Атрын-IV” хүрээнд хүнсний ногооны хэрэгцээг 80
хувьд хүргэх зорилт тавьжээ. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, төмс, хүнсний
ногооны хангамжийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн тогтоолоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2017 оноос
хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногоо тариалдаг
тариаланч гэсэн баталгааны тэмдэгтэй иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй
нөхцөлөөр хүлэмж олгох ажлыг зохион байгуулсан байна. Орон нутгийн төсвөөс 83,
төсөл хөтөлбөрөөр 23, яамнаас 17 хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөл болон
зээлээр тариаланчдад олгожээ.
Ингэснээр хүлэмжээс хурааж авсан ногооны хэмжээ нийт ургацын гурван хувийг эзэлж байна. Өмнө нь хоёр хувь байсан
аж. Өөрөөр хэлбэл, өргөст хэмх, улаан лооль, салаатны навч зэрэг нарийн
ногооны нийт ургацад эзлэх хувь нь 4,5 болж нэмэгдсэн байна.
ЖАРГАЛАНТ СУМАНД 500 ТОННЫН БАГТААМЖТАЙ ЗООРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Төмс, хүнсний ногоог жилийн турш хадгалж,
иргэдийг чанартай ногоогоор хангахад хамгийн чухал зүйл нь зоорь. Газар
тариалангийн салбарт энэ онд хийж байгаа томоохон ажлын нэг нь Жаргалант
сум Агро паркаа түшиглэн 500 тоннын багтаамжтай зоорь барих юм. Уг зоорь
ашиглалтад орсноор төмс, хүнсний ногооны хадгалалт сайжирч, аймгийн
иргэдийг чанартай хүнсний ногоогоор хангах боломж бүрдэнэ.
Өнгөрсөн хугацаанд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ХХААЯ-ны Хөдөө аж
ахуйг дэмжих сангаас 120 сая төгрөгийн өртөг бүхий төмс, хүнсний ногооны иж
бүрэн техникийг 70 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сая төгрөгөөр
Жаргалант суманд авч өгчээ. Ингэснээр иргэд төмс, хүнсний ногоогоо
хугацаанд нь тарих, арчилгаагаа хийх, хадлангаа бэлдэхэд ихээхэн
дэм болж байгааг тус газрын дарга Ж.Бат-Өлзий хэлж байна.
Ш.АЛИМАА:ОРОН НУТГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХҮЛЭМЖ АВСНААР ӨРХИЙН ТАРИАЛАЛТ НЭМЭГДЭЖ АРВИН УРГАЦТАЙ БАЙНА
-2020 онд орон нутгаас 6х10 хэмжээтэй хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Өнгөрсөн жил өнжөөд нэг хураалтад 35 кг өргөст хэмх хураасан. Ганц хүлэмжтэй байхад олон төрлийн тариалалтыг нэг дор хийж боломжгүй байсан. Өргөст хэмх, улаан лоолийг нэг дор хамт тарихаар агаар нь зөрчилдөөд байдаг юм. Хүнс хөдөө аж ахуйн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж авч өргөст хэмхээ тарьсан. Мөн 400 орчим кг улаан лооль хурааж авсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан хүлэмжээсээ нэг тонн гаруй өргөст хэмхийг өнгөрсөн жилийн тариалалтаараа хурааж авч даршилж бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэсэн. Илүү гарсан өргөст хэмхээ зах зээлд борлуулсан. Янз бүрийн химийн бордоогүй, эко хүнсээ Эрдэнэтийнхээ иргэдэд борлуулсан.
Б.ГАНСҮХ:ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ 10 ЖИЛ ЭРХЭЛЖ БАЙНА
-Манайх хүлэмжийн аж ахуй эрхлээд 10-аад жил болж байна. Анх гадаа
талбайд ногоо тарьж эхэлсэн. Ингээд нэг хүлэмж аваад хүлэмжийн аж ахуй эрхэлсэн. Боломжийн байсан болохоор нь өргөтгөөд явж байна. Одоо гурван хүлэмжид
тариалалт хийж байна. Гадаа талбайтайгаа нийлээд 18 нэр төрлийн ногоо тарьж
байна. 8х30-ын хэмжээтэй хүлэмжнээсээ гурван тонн өргөст хэмх
хураадаг. Улаан лооль нь арай бага нэг тонныг авдаг.
2021 онд аймгийн Хөдөө аж ахуйн газраас 100
хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгосон. Үүндээ өргөст хэмх, бууцай, юуцай гэх
мэт нарийн ногоо тариалж байна. Өрхийн тариалалт эрхлэх болсон шалтгаан гэвэл
би Өмнөговь аймагт нүүрсний уурхайд том тэрэг барьдаг байсан юм. Ингэж
яваад өндрөөс унаж нуруугаа гэмтээснээс болж хоёр хөл мэдээгүй болсон. Жил
гаруйн хугацаанд гэртээ хэвтсэн дээ. Тухайн үед багийн нийгмийн ажилтан надад
- Та өргөст хэмх тариач гэж зөвлөсний дагуу тарьж эхэлсэн юм. Үүнээс хойш
10-аад жил болсон байна. Бага багаар ахиулаад л явна.