Монгол охин Риогоос хүрэл медаль хүртэж, Казахстаны медалийн салхийг хагаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-07 09:06:51

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны урьд шөнө болсон эмэгтэйүүдийн 48 кг жингийн хүрэл медалийн төлөөх хоёр дахь барилдаанд Кубын тамирчин Алваризыг Казахстаны нэрийн өмнөөс олимпийн татамид барилдаж байгаа монгол охин Г.Отгонцэцэг мордож шидэх мэхээр цэвэр ялсан амжилтаар тус улсын баг тамирчдын Рио-гийн олимпийн медалийн салхийг хагаллаа.

Ийнхүү Г.Отгонцэцэг олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж шилдэг жүдоч гэдгээ нотлон харууллаа. Түүний олимпийн хүрэл медаль нь Казахстаны багийн Риогийн олимпоос авсан анхны медаль гэдгээрээ онцлогтой байв.

Монголын жүдочдоос Рио-гийн дэвжээнд хамгийн түрүүнд гарч хүч үзсэн дэлхийн аварга /2013/ М.Уранцэцэг эмэгтэй 48 кг-д хүрэл медалийн төлөө 2015 оны дэлхийн аварга Ами Кондотой барилдаж, ялагдал хүлээлээ. Тэрбээр барилдааны турш илүүрхэн идэвхтэй барилдсан ч сүүлийн секундэд юүко үнэлгээ алдаж шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг жингийн А хэсэгт барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар шигшээ наймд үлдэх эрхийн төлөөх хамгийн чухал барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинд ялагдлаа. Энэхүү хариуцлагатай барилдаанд манай тамирчин юүко үнэлгээгээр ялж яваад вазари үнэлгээ алдан харамсалтай хожигдлоо.

Д.Өлзий

相关新闻