“Эрдэнэт Медикал” эмнэлэгт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-02 15:06:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт Медикал” эмнэлэгт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олголоо.

Өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ажиллалаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны шийдвэрээр “Эрдэнэт Медикал” эмнэлэгт 2025 он хүртэл Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гардууллаа. Ингэснээр тус эмнэлэг Орхон аймгийн иргэдэд үйлчлэхээс гадна бүс нутаг, цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй боллоо. 

Өнгөрсөн хоёрдугаар сард тус эмнэлгийг төр өөрийн өмчид буцаан авч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд шилжүүлсэн. Ингэснээр тухайн эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ тодорхой бус байсан.
Тэгвэл энэхүү асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэлэлцээд “Эрдэнэт Медикал” эмнэлгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд хэвээр нь үлдээж харин тус эмнэлэг эрүүл мэндийн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг байхаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, тус эмнэлгийн бодлого, үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам хариуцах бол санхүү, хүний нөөцийн бодлого, удирдлагаар хангах ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцах аж. 

 

相关新闻