Дэлхийн дулааралд хамгийн их өртөж байгаа нь Монгол Улс гэдгийг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-30 16:23:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт ба хот чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус чуулганд Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны  төв-ийн  Шинжлэх ухааны зөвлөх, доктор З.Батжаргал Дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, сорилт, шийдэл сэдвээр илтгэл танилцууллаа. 

Монгол Улсад сүүлийн 80 жилд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж дулаарал нэмэгдэн, орох хур тунадасны хэмжээ багассан талаар тэрээр танилцууллаа. Ялангуяа төвийн болон газар тариалангийн бүс нутгаар орох хур тунадасны хэмжээ багасч байгаа нь хөрсний доройтол, цөлжилт үүсэх нэг томоохон шалтгаан болж байна гэлээ. Түүнчлэн зун цочир хүйтэрч цас орох, хур тунадас багатай хэдий боловч зарим газраа үер буух зэрэг үзэгдэл байнга давтагдаж цаг агаарын тогтворгүй байдал үүсэж байгаа нь анхаарал хандуулах шаардлага байгааг илтгэж байна хэмээн онцолсон юм.
Мөн дэлхийн дулааралд хамгийн их өртөж байгаа орон нь манай улс төдийгүй уламжлалт амьдрал ахуй нь байгаль цаг уураас шууд хамаардаг онцлогтой. Тиймээс ч уур амьсгалын өөрчлөлт бол монголчуудын хувьд судалгаа, шинжилгээний ажлын сэдэв төдий биш харин хөрсөн дээрээ буусан бодлого боловсруулж, цаг алдалгүй шийдвэрлэх ёстой нийгэм, эдийн засаг цаашлаад Үндэсний аюулгүй байдлын асуудал юм гэлээ.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хэмжээнд ярьж олон салбарын төлөөллийг оролцуулж байгаа нь сайшаалтай. Цаашид энэхүү чуулганд ярьсан санал санаачилгыг ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо. 

相关新闻