"Гэр бүл, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн"-ийн 3.2 га талбайд мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Жил бүрийн
тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарьдаг.
Энэ жилийн мод тарих өдөр энэ сарын 14 буюу ирэх бямба гарагт тохиож байна. Энэ
жилийн хувьд "Гэр бүл, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарихаар
төлөвлөжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг аймгийн Засаг дарга С.Батжаргалын А/284
тоот захирамжаар Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 3,2 га талбайд
байгуулсан.
Тус талбайд мод тарьснаар аймгийн
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цаашлаад гэр бүл, хамт олон, найз нөхдийн
ногоон төглийг бий болгох юм. Тиймээс тус цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл, анги
хамт олон, найз нөхдөөрөө мод тарихыг уриаллаа.
Тухайн өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд 2500-45000 төгрөгийн үнэтэй
найман төрлийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах учир газар
дээрээс нь худалдан авалт хийх боломжтойг албаны хүмүүс онцоллоо.
Түүнчлэн энэ жилийн мод тарих
өдрийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна. Орхон аймаг
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж, 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах
зорилт тавьсан. Хэрэв энэ зорилтоо амжилттай биелүүлбэл ойн сангийн талбайг 7.7
хувиар нэмэгдүүлэхээс гадна нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг
18.0м2-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай
орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.