Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-03 13:13:13

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.  Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн юм.

Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн ч чуулганы хуралдаанаар өнгөрөч долоо хоногт хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан. Уг завсарлага өчигдрөөр дуусгавар болсон учир өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Завсарлага дууссантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “2012 онд УИХ-ын тогтоолоор зөвлөлийн гишүүдийг 6 жилийн хугацаатай томилсон. Гэвч томилгооны хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх асуудлыг оруулж ирэх нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Өөрсдөөс нь өргөдөл гомдол аваагүй, ээлжийн амралттай үед шийдэж байгаа нь төрийн томилгоог хүчээр хууль бусаар хийх эхлэл тавьж байна. Мөн Замын-Үүдийн Засаг дарга бол онцгой эрх мэдэл албан тушаал гэж харж байгаа. Гэтэл сонгуулийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлж, цагдаагийн хүч хэрэглэх, Засаг даргын сейфийг эвдсэн, хүмүүсийг нь албадан саатуулсан зэрэг үйлдэл гаргаж байгаа нь хариуцлагагүй явдал. Төрийн албаны орон тооны гишүүнийг мөн хууль зөрчиж томилох гэж байгаа хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээн авч, хуульд нийцүүлсэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна” гэв. УИХ-ын дарга М.Энхболд үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг болон Замын-Үүдийн боомтын асуудлаар ЗГХЭГ бодитой мэдээлэл өгөхийг үүрэг болголоо.

Улмаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байнгын хороод болон ЗГХЭГ-ын санал дүгнэлтийг танилцуулав. Томилгоотой холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс дөрвөн жил тутамд төрийн албанд халаа сэлгээ хийдгийг болиулах, төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарах, төрийн албанд намын харьяаллаар бус чадвар, мэдлэг, туршлагыг харгалзаж томилдог байх зэрэг асуудлыг анхааруулж байв. Мөн зарим гишүүд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл зэргийг УИХ-ын мэдлээс гаргаж байж тогтвортой ажиллах боломжийг хангана гэдэг саналыг ч хэлж байв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өмнөх томилгоог яагаад хүчингүй гэж үзэж байгаа юм бэ. Хууль бусаар томилгоо хийх гэж байгаа нь ямар учиртай вэ” гэж асуухад “Орон тооны гишүүнийг нөхөн томилгогдсон бол өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаанд ажиллана гэж хуульд заасан. 2008 онд Б.Өнөбаатар, Д.Батбаяр нар томилогдож, 4 жил ажиллаад хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн. Дараа нь Д.Даваа-Очир, Т.Хадхүү нөхөн томилогдоод 2 жил ажиллаад 2014 оны 12 дугаар сарын 31-нд бүрэн эрх нь дууссан. Хууль зүйн үндэслэлд ямар нэг маргаан байхгүй. Хууль зөрчсөн зүйл байхгүй” гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар хариулав.

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулахад ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг 86.2 хувийн, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг 87.9 хувийн саналаар дэмжиж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.  

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻