Ли Хуй: Путиний БНХАУ-д хийх айлчлал хоёр улсын хувьд чухал үйл явдал юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-03 12:06:47

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард БНХАУ-д айлчилж, 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ айлчлал нь ОХУ-БНХАУ-ын харилцаанд чухал үйл явдал байх болно гэж БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуй мэдэгдэв.

“Ерөнхийлөгч Владимир Путин 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор есдүгээр сард БНХАУ-д айлчлах бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын тэргүүн нарын 21 дэх удаагийн уулзалтад оролцохоор ОХУ-д айлчлах болно. Энэ хоёр чухал үйл явдал хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон өргөжүүлэхэд чухал алхам болох болно гэдэгт итгэлтэй байна. Талууд энэ боломжийг ашиглах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Путиний БНХАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд хүчтэй түлхэц болсон гэж мэдэгдээд, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, инноваци, хөдөө аж ахуй, цахим ертөнц, спорт болон бусад салбарыг хамарсан 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай дурдсан байна.

Үүнээс гадна ОХУ, БНХАУ хоёр терроризмтой тэмцэх асуудлаар хамтран ажиллах зорилготой байгаа тухай тэрбээр дурджээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр улс ирээдүйд терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын терроризмтой тэмцэж, дэлхий болоод бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зорилго тээж байгаа гэв.

ОХУ болон БНХАУ хоёр талын механизм болон ШХАБ, БРИКС зэрэг олон улсын платформын тусламжтайгаар терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлж ирсэн гэж тэрбээр мэдэгджээ.

20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Ханжоу хотод 9 дүгээр сарын 4-5-нд болно.

Д.Нямтулга

相关新闻