Тарьц, суулгац бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Сэлэнгэ аймаг
нийлүүлэгч аймаг болохоо зарлан түүчээлэн оролцож байгаа. Тухайлбал тус аймагт
үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн болон аж ахуйн нэгжүүд дор бүрнээ
тодорхой үүрэгтэй оролцож байна.
Тодруулбал, Монгол Улсын ойн гавьяат ажилтан Д.Нэргүй захиралтай, "Өргөн Сэлэнгэ" ХХК нөхөн сэргээх, тарьж ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац бэлтгэн
ажиллаж байгаа аж. Захирал Д.Нэргүйгийн хувьд 44 жилийн хугацаанд 30 мянга
гаруй га талбайг “Тужийн нарс”-аар ойжуулсан гэдгээрээ онцлогтой хүн. Тэрээр
хөдөлмөрийн гараагаа 1973 онд ой тарьж ургуулах, нөхөн сэргээх, хамгаалах
ажлаар эхлүүлж байжээ. Тухайлбал тужийн нарсанд 30.0 мянга гаруй га талбайд
ойжуулалт, 130 га талбайн нөхөн сэргээх ургалтад туслах ажил гүйцэтгэсэн
байна. Мөн 100 га талбайд ойн үрийн зурвас, 20 тн боргоцой боловсруулах цех, 2
га-ын мод үржүүлгийн газрыг тус тус байгуулжээ. Түүнчлэн 40.0 сая
ширхэг нарсны тарьц, суулгац ургуулж ойжуулалтын ажилд нийлүүлсэн байна.
Тэрбээр: “Манай компани 1999 оноос хойш
4505 га газрыг ойжуулсан. Сум, сумдаар гаргасан нарийн тоо бий. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг би маш зөв үйл гэж бодож байгаа. Жишээ нь, нэг мод тарьдаг хүн 2-ыг, 10 мод
тарьдаг хүн 20-ийг тарина. Тэгэхээр энэ бол хүнд маш их өгөөжтэй, зөв санаачилга
гэж бодож байна. Манай компани ч түүчээлэн оролцохоор ажлаа эхлээд явж байна”
хэмээн өгүүлсэн юм.


